Home Лайфстайл Би уг нь өндөр, өөрөөсөө ах хүнтэй сууна гэж бодсон ч эсрэгээрээ намхан, надаас дүү, оюутан залуутай суусан байдаг юм

Би уг нь өндөр, өөрөөсөө ах хүнтэй сууна гэж бодсон ч эсрэгээрээ намхан, надаас дүү, оюутан залуутай суусан байдаг юм

4 second read
0
2
7,871

Намайг Жаргалсайхны Намуун гэдэг. 1990 оны 2 сарын 16-нд Төв аймгийн Зуун модод төрсөн. Гурван дүүтэй, айлын том охин. Ээж маань Хөвсгөл, аав Завхан аймгаас гаралтай.  Дүү нар маань тусдаа гарах нь гарж, биеэ даацгаан амьдралын зах зухаас атгацгаасан. Бага дүү маань энд сурч байгаад саяхан Монгол явсан.  

Аав ээж маань өндөр, ер нь манай гэрийнхэн их нуруулаг. Бараг хамгийн намхан нь би байх. Манай ээж их хөөрхөн эмэгтэй. Ээжийгээ хөөрхөн гэхлээр би дуурайсан болохоор өөрийгөө хөөрхөн гээд байгаа юм шиг их эвгүй байна аа… \инээв\Би жижигхэн зүйлс эвлүүлж нааж, нийлүүлэх дуртай. Лего, паззли гэх мэт… Нэг эхлүүлбэл завсарлана гэж харин ч нэг байхгүй. Заавал дуусгаж байж санаа амардаг. Дээрэлхүү хүнд үнэн голоосоо дургүй. Хэн ч байлаа гэсэн хүнийг дээрэлхэж хандаж, харьцана гэдэг утгагүй. Тэр бол хамгийн бүдүүлэг, бас үзэн ядмаар зүйл. Хүнийг баярлуулах, хүмүүстэй ярилцах дуртай. Хүний ажил бүтээж өгөх дуртай, багагүй эрсдэл гарсан ч тусалсан гэж бодох сэтгэлд өег байдаг.

Өөртөө итгэх итгэл гэдэг өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Одоогийн энэ нийгэмд лав миний анзаарснаар өөртөө  хайртай, өөрийгөө байгаагаар нь хайрладаг хүн маш ховор санагддаг. Яагаад гэвэл инстаграмм, фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээнд хүн хэзээ ч өөрийнхөө онцгүй гарсан зурагаа тавьдаггүй. Хамгийн гоё, ганган зурагнуудаа оруулдаг. 

Түүнийг нь хараад тэр хүн шиг болох гэж хичээж түүнд стрээсддэг хүмүүс маш олон байдаг.  Тэдэнд байгаа, өгөгдсөн зүйлс нь бүгд бидэнд ч гэсэн байдаг. Тийм болохоор хүнтэй битгий өөрийгөө харьцуулж байгаарай. Хэрвээ та хүсвэл хэн нэгэн таныг харж тан шиг болмоор байна гэж хүсэх тийм ялгарлыг та өөрөө хангалттай бүтээж чадна шүү дээ. Бусдыг дууриах тусмаа та өөрийгөө гээнэ.

Гоо сайхны хагалгааг хэтрүүлбэл маш буруу. Яг тунг нь тааруулбал байж болох зүйл. Жишээ нь хөхний хорт хавдар туссан хүн өрөөсөн хөхөө тайрууллаа гэхэд гоо сайхны хагалгаа байхгүй бол тэр хүн насан туршдаа сэтгэлийн шаналгаатай, өөртөө итгэлгүй амьдарна. Уруул нь сэтэрхий хэчнээн олон хүүхэд төрдөг билээ? Хамар нь мурийлаа гэхэд тэгшлээд гоё болоход хүн өөртөө итгэлтэй, харагдах байдалдаа сэтгэл хангалуун болчихдог. 

Энэ бүгдийг гоо сайхны эмнэлгүүд бүтээж байдаг. Тиймээс ч би энэ ажилдаа дуртай. Харин хэтрүүлэх хандлагатай, шуналт даг хүмүүс байдаг. Зөвлөгөө авахаар ирж байгаа  хүмүүст би хэлдэг, хангалттай хөөрхөн бас илүү байгалиараа залуу харагдаж байгааг нь ойлгуулдаг. Гоо сайхны  хагалгаа хэрэгтэй хүндээ бол үнэхээрийн чухал үйлчилгээ.

Инстаграммаар олны танил хүмүүсийг харахад Монголд үнэхээр гоё байгаа юм шиг, бид очоод амьдарч чадах юм шиг, боломж дүүрэн юм шиг тийм сэдлийг төрүүлдэг. Тэгээд фэйсбүүкээр харахаар,  үнэхээр Монголд ийм зүйл болж байгаа нь үнэн юм уу, яаж амьдрах юм бэ? гэмээр… 

Монголын нийгэмд залуус нь соёлжоод байгаа  хэрнээ нийгэм нэг л дампуурлын байдалтай харагддаг. Одоо тэр тусмаа Короногоос болоод төр засгийн гаргаж байгаа шийдвэрийг харахаар бүр ч ойлгомжгүй байдаг. Монгол хүн л юм чинь эх орон минь сайн сайхан байвал гоё. Ээж хүний хувьд нийгэмдээ үнэхээр санаа зовдог. Сүүлийн үед хандив тусламж гуйсан маш их постууд цахим ертөнцөөр явж байна. Энэ бүхэн яг үнэн юм уу? гэж эргэлзэхэд ч хүрдэг. 

Итгэх хэцүү, итгэхгүй байх хэцүү… Шударгаар өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлбэл буруутгагдаж нийгмээрээ үзэн ядна. Тэгэхгүй гээд зүгээр хараад суух бас хэцүү. Сэтгэл их эмзэглэдэг. Монголын маань нийгэмд бүр нэг гоё тэсрэлттэй өөрчлөлт хийх,  Чингис хаан шиг биш юм аа гэхэд тэр хүний талын тал ч хамаагүй, тэр дайны сэтгэл зүрхтэй, үнэнч, удирдагч гарч ирээсэй гэж иргэн хүний хувьд боддог.

Би Солонгост 2013онд сургуульд сурах зорилгоор ирсэн. Өөрөө эрж хайж,  судалж байгаад хэлний бэлтгэлд оров. Кимчон хотын тэр сургуульд анх нөхөртэй гээ танилцсан. Энд ирээд найман жил болжээ. Анх ирж байсан үеийн Солонгос улсыг, өнөөдрийн Солонгостой жишиж харвал харьцангуй хурдан хөгжиж байгаа нь нүдэнд ил байна. 

Солонгос хүмүүс түргэн ааштай, итгэхэд бэрх. Яг нүүрэн дээр их элгэмсэг наалинхай авч цаагуураа санаа муутай. Гэхдээ мэдээж бүгд тийм биш. Цагийн менежмент сайтай, шоргоолж шиг хөдөлмөрч, бүтээлч хүмүүс. Солонгос улсын нэг гоё зүйл нь хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж чаддаг нь маш их таалагддаг. Та хэр хэмжээний ажил хийнэ, яг тэр хэрээрээ хийсэн ажлынхаа хөлсийг хангалттай авч чадна. Энд тийм дүрэм үйлчилдэг. 

Би хоолны газар, хиамны үйлдвэр, мах тахианы үйлдвэр гээд хэчнээн хүнд ажил хийж байсан ч тэр хэрээрээ хөдөлмөрийнхөө хөлсийг хангалттай авч байсан учраас гутарч, шантрах зүйл байгаагүй. Хорин долоон давхар барилгын шилийг гаднаас нь зүүгдээд арчдаг ажлыг хүртэл сургалтанд нь суугаад тусгай үнэмлэхийг нь аваад хийж байсан. Эрэгтэй хүний ажлын хөлс өндөр болохоор, нэг эрэгтэй найзтайгаа нийлээд хийсэн. Солонгосын бас нэг гайхалтай зүйл нь эрүүл мэнд, даатгалын салбар хоёр үнэхээр биширмээр. 

Би хавдар тусахаасаа өмнө даатгалын тухай ямар ч ойлголтгүй байлаа. Монголд байхдаа ч тэр. Эрүүл мэндийн даатгал гэж сонсож байсан хэдий ч үйлчилгээ аваад үр шимийг нь үзэж байгаагүй болохоор энэ тухай мэдлэг хомс. Энд Эрүүл мэндийн даатгалаас гадна хувь хүний даатгал гэж байдаг. Тийм даатгалтай байхад олон давуу талтайг би хүндээр өвдсөнийхөө дараа мэдсэн. Өдөрт бид нэг аяга кофег 4500 воноор авч уудаг. Тэгвэл сард хэдэн төгрөг ний кофе уусан байна? Тэр кофеныхоо мөнгөөр л та даатгалаа төлчих. 

Өвдөхгүйн баталгаа хэзээ ч байхгүй болохоор өөрийгөө бодоод даатгуулж байх нь зөв юм байна лээ шүү. Миний эхний хагалгааны төлбөр 40 сая вон, дараагийн хагалгаа эмчилгээтэйгээ нийлээд 60 сая вон. Нийт 100-н сая воноос даатгалдаа хамрагдаад төлсөн төлбөр нь арваад сая вон болсон. Хэрвээ би тэр хувь хүний даатгалтай байсан бол даатгалаасаа буцаагаад 100-аад сая вон авах боломжтой байсан байна лээ. Гэх мэтчилэн бидний мэдэхгүй асар олон боломжууд байдгийг яг үүнийг туулж ирсэн хүний хувьд судлаад мэдсэн учраас ганцаараа мэдээд үлдэх биш бусдадаа гарц гаргах үүднээс хэлэх нь зүйтэй болов уу.

Би сургуулиа төгсөөд Монгол явна гэж бодож байсан. Энд хүнтэй сууж, хүүхэдтэй болж, ажиллаж амьдрах төсөөлөл байгаагүй. Гэтэл сургуулиа төгсөөд, энд амьдрал зохиогоод, албан ёсоор ажиллаж амьдраад  явж байна. Өөрийнхөө бодож, төсөөлж байснаас илүү ихийг хийжээ. Эндээс аз жаргалаа олсон гэх юм уу даа…

 Оюутан насны тэр гоё зүйлсийг ч гэсэн энд мэдэрсэн. Нөхөр маань надаас дөрөв дүү. Бид нэг сургууль.  Тухайн үед намайг олон залуучууд эргүүлнэ ээ. Би уг нь өндөр, өөрөөсөө ах, хүнд амьдрал туулсан болохоор өөрийн гэсэн хуримтлалтай, санхүүгийн хувьд бие даасан тийм хүнтэй л сууна гэж боддог байсан. 

 

Гэтэл эсрэгээрээ намхан, надаас дүү, оюутан залуутай суусан байдаг юм… \Хүн ер нь бодож явдаг хүнээсээ эсрэг хүнтэй суудаг тээ гээд хоёулаа баахан инээлдэв\. Яагаад энэ хүнтэй суусан бэ гэж үү? Түүний хүнтэй харьцах харьцаа, хүнийг хүндэлж байгаа хүндлэл нь миний уулзаж байсан залуу, миний таньдаг эрэгтэй хүмүүсээс тэс өөр байсан.

Би одоог хүртэл нөхөр шигээ хүнийг тэгж хүндэлдэг, ямар ч хүнийг байгаагаар нь хүн гэж ханддаг, тэр тусмаа эмэгтэй хүнийг хүндэлдэг, ямар ч царай зүстэй, ямар ч ажил мэргэжилтэй байсан ялгалгүй харьцдаг тийм зан чанартай хүнийг хараагүй. Намайг тэр бүхэн нь соронз мэт татсан. Манай хадам аав ээж хүүхдүүдээ үнэхээр сайхан хүмүүжүүлсэн гэж би бодож, хайрлаж хүндэлж явдаг. Тэд маань Увс аймгаас гаралтай, одоогоор Төв аймгийн Батсүмбэрт аж төрдөг. 

Эвдрээгүй, хөдөөний гоё хүмүүс байдаг даа яг л тийм. Манай нөхөр муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй. Найз нөхөдтөйгээ нийлэх үед ууна гэхдээ өөртөө хязгаар тавьж зохистой хэрэглэж чаддаг. Өндөр л байсан бол миний хувьд төгс хүн гэж боддог. \инээв\. Маш халамжтай. Намайг ингээд л, орой ороход миний хөлийг шар тосоор тослоод, гарыг маань бариж өгөхөд охин бас барьцана, бид хоёрыг хоёуланг нь эрхлүүлнэ.

Хайртай шүү гэдэг үгийг байнга хэлдэг. Зөвхөн хэлэхээс гадна үйлдлээрээ үргэлж мэдрүүлдэг. Уулга алдаад алган дээрээ бөөцийлөөд байхгүй ч цаанаасаа намайг хүндэлж байгаа нь мэдэгддэг. Надад үргэлж үзэсгэлэнтэй, хөөрхөн байна, хүчтэй байна гэдэг үгсийг хэлдэг. Эмэгтэй хүний дэргэдэх хүн үргэлж дэмжиж сайхан үгсээр услах тусам хүн өөрийгөө мэдэрдэг, улам гоё байх гэж хичээдэг, биеэ гоё авч явдаг юм шиг санагддаг. 

Миний ханийг Нацагдоржийн Батбуян гэдэг. Монголд байхдаа жүдогийн тамирчин байсан. Одоо энд даатгалын компанид ажилладаг. Бид үерхээд долоон жил, гэрлэлтээ батлуулаад гурван жил болж байна. Нэг охинтой. Охин маань гурван настай. Охиноо аав шиг нь гоё хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж хүсдэг.

Тохиолдож байгаа бэрхшээл бүрийг хараад “Энийг л давчихвал гоё болно доо”  гэж дандаа боддог. Бүдүүн гэдэсний хорт хавдартай, дөрөвдүгээр шатандаа орсон гэсэн тэр мэдээг сонсох мөчид үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байсан. Бурхан тэнгэр гэж байдаг бол үнэхээр гомдоод, яагаад заавал би гэж? 

Би өчнөөн зовж зовж одоо нэг жаргах гээд сайн ханьтай учраад, үр хүүхэдтэй, ажил төрөлтэй болж байхад яагаад намайг ингэж шийтгэж байгаа юм бэ? гэж хорвоод маш их гомдож, бас үзэн ядсан. “Энийг л даваад гарчихвал” надад илүү сайхан зүйлсийг өгөх байх, илүү гоё болох байх гэсэн өчүүхэн итгэлийн гэрэл сэтгэлийн мухарт тусаж байсан.

Тэрний хүчээр ч давж гарсан даа… Одоогоор бол яг эдгэрсэн хүн бол биш, хорт хавдрын өвчтөн хэвээрээ,  хавдрын эс нь ерөнхийдөө байх ёстой байрандаа, нэмэгдээгүй л байгаа гэсэн үг. Энэ бүхний дараа би дахиад савны амсрын хавдар болсон. Сая өнгөрсөн 4 сарын 10нд хагалгаанд орсон. \уйлав\. Эхэн үед нь илрүүлсэн болохоор тийм ч хүнд санагдаагүй. Хэрвээ мэдэхгүй, хугацаа алдсан бол ахиад хорт хавдар болох магадлалтай байсан. Одоо зургаан сар хүлээнэ. 

Зургаан сарын дараа ахин шинжилгээ өгөөд, тархсан эсэхийг үзээд, эмчилгээ шаардлагатай үгүй нь тодорхой болно. Ахин тийм зүйл болохгүй байх хэмээн найдаж, залбираад л сууж байна… Яагаад ингээд хавдар тусаад, яг юунаас болоод байгаа гэдгийг ямар ч эмч хэлэх боломжгүй байгаа гэсэн. Тодорхой бус гэх үү дээ. Хавдрын эс нэг үүсээд эхлэхээрээ, тэр дундаа залуу хүний бие өөрөө маш эрчимтэй хөгжиж байдаг болохоор энд тэнд хурдацтайгаар тархаад, үсэрхийлээд байдаг талтай гэсэн. Одоогийн байдлаар ийм ойлголттой л явж байна. Гэхдээ гайгүй байх аа…

Хүмүүс намайг сэтгэлээр их дэмжиж, чи чадна аа гэж хэлдэг. Тэр нь миний сэтгэлийг засаж, ойлгож дэмжиж байгаагийн нэг илрэх гэж боддог. Надад хагалгаа бол асуудал байгаагүй, арван хэдэн цаг хагалгаанд ороод, хагалгааны дараа шээсний гуурс, энэ тэр гээд тав зургаан  гуурс энд тэндээсээ зүүгээд коридороор уйлаад явж байхад хэцүү байсан ч, тэр бол юу ч биш. Химийн тарилга гэдэг нь, хамгийн аймаар нь байсан. Би зургаан сарын турш хийлгэсэн. 

Тэр зургаан сар надад хар дарсан зүүд шиг санагддаг. Тэр тухайгаа би хэзээ ч олон нийтийн сүлжээ \инстаграмм, фэйсбүүк\-тээ оруулж байгаагүй. Би аль болох өөрийнхөө цоглог байгаа, хэчнээн зовж байсан ч, энэ бүгдийг даван туулж байгаагаа эерэгээр харуулахыг хичээж, надтай адил өвдсөн хүмүүст хүч, дэм өгөхийг хүссэн. Гэтэл зарим хүмүүс : Хавдар гэдэг чинь ийм амархан зүйл юм уу? Нээх сүртэй өвчин биш юм байна  гэх мэт хандлага ирсэн.Яг үнэндээ бол тийм биш ээ…

Би айхтар шүтлэг, сүжигтэй хүн биш. Гэхдээ нар сар, тэнгэрт хандах үе байдаг. Өглөө сэрээд нарыг хараад : – Өнөөдрийн ийм сайхан өдрийг надад өгсөнд баярлалаа, энэ өдөр би үр хүүхэд хань ижилтэйгээ хамт байгаадаа үнэхээр баярлаж байна… Энэ өвчнийг даван туулах хүч, тэнхээ өгч байгаад баярлалаа гэж хэлдэг. Үүнийг сүсэг гэх үү юу гэх үү сайн хэлж мэдэхгүй л байна. Ээжтэйгээ мэдээж дотно. Миний тухай бодоод цаагуураа их хямардаг л байх. Миний сэтгэлийг өргөх гээд тэр байдлаа нуудаг. 

Ээж маань их тэвчээртэй, гүргэр хүн л дээ… Би яг ээжийнхээ тэр чанарыг ч бас дуурайсан юм шиг. Нэг бодлын тийм хүн тэнэг санагддаг. Ямар ч юмыг тэвчээд л байгаад байдаг. Хүн юу ч гэж хэлж, яаж ч байсан энүүн  дотроо хав дарчихдаг.\цээжиндээ алгаараа дарав\ Гадагшаа гаа илэрхийлдэггүй. Тэртээ тэргүй сэтгэл нь өвдөж, олон жил зовсныг нь бодохоор тэр бүр юмаа ээждээ ярьж зовоохыг хүсдэггүй. Би арван таван наснаасаа хойш ээжээсээ зуун төгрөг ч авч үзээгүй. Энэ хүртэл явахдаа өөрийгөө төдийгүй, дүү нарынхаа  сургалтын төлбөр, зардлыг хариуцаж, ажиллаж олсон мөнгөө зөв зарцуулахыг гэж хичээж ирсэн.

Амьдралын үнэ цэнэ бол эрүүл мэнд юм шүү. Эрүүл хүн аз жаргалтай байна, мөнгө их олно, яг өөрийнхөө хүсэж байсан амьдралаар амьдарна. Эрүүл биетэй хүн бүгдийг хийх боломжтой. Миний хувьд эрүүл мэнд, гэр бүл л хамгийн үнэ цэнэтэй зүйлс. Монголдоо Батсүмбэрт хадам аав ээж дээрээ очоод цэцэг ногоо тариад, хөөрхөн модон байшинтай, эдгэрээд чадах чинээгээрээ олон хүүхэд гаргаад олуулаа шаагилдаад аж ахуйгаа тордоод нэг хөөрхөн хөдөөний айл болж амьдрах юмсан гэж  мөрөөддөг. 

Дэргэдээ зочид буудалтай, кофе шоптой хааяа нэг жуулчид ирдэг. Нэг тийм хөөрхөн газартай болно доо. Бас нэг мөрөөдөл маань мэдээж хувцас загварын чиглэл. Хувцас бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Гэхдээ надад тийм их хувцас байхгүй. Шинэ хувцас бараг авдаггүй. Өмнө нь бол авдаг байсан. Сүүлийн таван жил огт аваагүй. Би хуучин хувцасны захаас хувцас авдаг. Яагаад гэвэл чанартай, маш хямдхан хувцсыг тэндээс авах боломжтой. Энгийн, өдөр тутмын хувцсанд их мөнгө үрэхийг хүсдэггүй. 

Гутал цүнх бол олон жил хэрэглэх учраас чанартай, шинээр авч болно. Иймэрхүү хувцсыг үсрээд нэг жил л өмсөх учраас их мөнгө зарцуулах шаардлагагүй гэж боддог. Хямдхан олон төрлийн, тэгээд ч ихэнх нь шинээрээ шахуу, материал, оёдол загварын хувьд ч тэр боломжийн байдаг. Ажлынхаа хажуугаар интернет дэлгүүрүүдэд модель хийдэг. Интернет дэлгүүрийн чиглэлд илүү их сонирхолтой болж байгаа. Миний ойрын зорилго интернет дэлгүүртэй болох, бүрэн эдгэрсэн гэсэн онош авах, өөрийн гэсэн брэндтэй болох.

Тэнгэрийн гүн цэнхэр өнгөнд дуртай. Манай гэрийн ихэнх зүйл цэнхэр өнгөтэй… Обойноос эхлээд. Цэнхэр өнгийг хараад би маш их тайвшрал авдаг. Тэгээд баярладаг,бас гунигладаг, уйлдаг… Нээх урт, гүнзгий амьсгаа авсан хэрнээсээ цаанаасаа л нэг гомдчихсон байдаг\уйлав\. Цэнхэр өнгө надад баяр баясгалан, гуниг,  бүгдийг нь нэг дор мэдрүүлдэг. Би амьдралыг таньсан хүн гэж өөрийгөө боддог. Мэдээж ийм зүйлд хязгаар гэж үгүй. Хүн сурахад хязгаар байдаггүй шиг, амьдралыг танихад ч гэсэн хязгаар үгүй…

Амьдрал бол төгс төгөлдөрт тэмүүлэхийн нэр мэт боловч, үнэндээ амьдрал бол маш энгийн зүйл юм.  Аз жаргал ч гэсэн маш энгийн… Зүгээр л хажууд байж байдаг юм байна гэдгийг өдөр ирэх тусам мэдэрч байна… Түүнд тохиолдсон бэрхшээл бүхний цаана нэг шалтгаан байсан…  

Тэр нь чухам ямар шалтгаан болохыг хэлж мэдэхгүй ч гэлээ тийм зүйл үнэхээр байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ. Түм түжгэнэж бум бужигнасан Сөүлийн аль нэгхэн буланд Ж. Намуунаагийн  яриаг чагнан суухуйд  жилийн дөрвөн улирал ээлжлэх мэт нэг дааруулж, халууцуулж, жиндүүлж  зарим үед тийм нэг амгалан агаад аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж байлаа.

Сарнайг өргөстэй нь барьж, амьдралыг жаргал зовлонтой нь ойлгож сурсан түүний гал цог нь нэвт төөнөх харц, амьдралд бууж өгөөгүй гүн инээмсэглэл Ганнам дүүргийн альхан талд бүгдийг дулаацуулан, гэрэлтэж яваа бол…

Эх сурвалж: Gogo.mn

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…