1980 онд дэлгэцнээ гарсан “Говийн зэрэглээ” кино бол монголчуудын үзэх дуртай кино бөгөөд үзэгч түмнийхээ дунд хүндлэгдэн хайрлагдсаар ирсэн олон жүжигчид тоглосон юм.
1980 онд дэлгэцнээ гарсан “Говийн зэрэглээ” кино бол Монголчуудын үзэх дуртай кино бөгөөд үзэгч түмнийхээ дунд хүндлэгдэн хайрлагдсаар ирсэн олон жүжигчид тоглосон юм. Гэхдээ энэ удаад уран бүтээлийн тухай бус “Говийн зэрэглээ” киноны жүжигчдэд тохиолдсон гэх чөтгөр, шулмын хорлолын тухай сэдвээр. Талын Монголчуудын амьдралд тохиолддог таагүй зүйлсийн тухай олон яриа, домог байдаг ч ихэнх нь талын ганц гэр буюу айлын тухай байх нь сонирхол татдаг. Энд өгүүлэгдэх явдлыг олон түмний дунд бараг гучаад жил ам дамжин яригдсаар ирсэн ба бас л талын ганц гэртэй холбоотой гэдэг.
Тухайн киноны зарим зургийг Дундговь аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай, цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахдаа амарч, айрагдсан шигээ байжээ. Нэг өдөр сумын бага шиг баяр тохиожээ. Киноныхон ч амарсан байна. Анчлах нь анчилж, айрагдах нь айрагдсан юм байх. Тал тал тийшээ таран одоцгоожээ. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Доржсамбуу тэргүүтэй жүжигчид Их газрын чулуу хэмээх байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгаажээ. Баяр л тохиосон хойно хорхог боодог, идэж уух юм гаралгүй яах вэ. Ингэсхийгээд давхиж байтал ээрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна.
Талын зүйлс алган дээр мэт харагддаг болохоор юу гэж андуурах билээ. Буцах газар бас ч гэж зайтай, замын чилээгээ гаргаж, цангаа тайлж цай уухаар зам хазайсан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотгүй юм гэнэ. Малгүй айл бас байдаг аа гэлцээд буужээ. Гэрээс нэгэн эр гарч ирээд хар, цагаан дуугүй орохыг дохисон гэдэг. Гэрт ороод эрэмбээрээ суувал говийн байдаг л нэг бор хүүхэн халуун цай самарч зогсчээ. Хар халуунд халуун цай яаж ууна даа гэсэн шүү юм бодоцгоож суутал цай ч болж хүн бүрт аягалан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэл хүйтэн болчихсон байж.
Туршлагагүй залуу хүмүүс явсан учраас уучихаад “Ямар сонин юм бэ” гэж дотроо бодоцгоон гараад давхицгаажээ. Машиндаа суугаад элдвийг ярин, болсон явдлыг гайхан хөөрөлдөх зуур ард сууж явсан жүжигчин, талийгаач Я.Оюунцэцэг “Хүүе, нөгөө айл алга болчихож” гэжээ. Эргээд хартал үнэхээр харагдсангүй гэнэ.
Бид холдоогүй, тэгээд ч талын айл хаачих билээ гээд хайгаад ч олдоогүй юм гэнэ билээ. Тэгээд хэрэг бишидсэнийг мэдээд шууд буцсан бөгөөд хамаагүй юм ярьж, цуу тарааж болдоггүй үе байсан учраас тэгсхийгээд хүссэн ч, эс хүссэн ч мартахаас аргагүй болжээ. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил ө.в.чнөөр уван цуван н.а.с б.а.р.сныг одоо ч ярьдаг шүү дээ.
Гавьяат жүжигчин Д.Гүрсэд “Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглосон. Тэрээр дээрх хачин жигтэй ярианы тухай хэвлэлд өгсөн нэгэн яриандаа ийнхүү хүүрнэжээ.
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг явж байгаад айлд ороход даргитал буцалж байгаа цай тогоон дээрээс нь хийж өгчээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийн гарсан гэдэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэвээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.
Тэднийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэмээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж найруулагч, зураглаач болон зарим жүжигчид Өмнөговийн Булган сум руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж. Үнэхээр ч манай киноны багаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюунцэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна.
Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байх хэмээн ярьжээ.Дашрамд дурдахад “Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглоод онгоц жолоодох туршлага ч суучихсан тул Б.Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр Д.Гүрсэдийг тоглуулахаар урьсан гэдэг.
Г.Ванчиг