Home Дотоод мэдээ Солонгосчууд хүртэл Сөүл хотоо тамын хот гэж хочилдог. Xөгжилтэй гээд шүтээд байдаг Хятадад л гэхэд ядуус олонтой.

Солонгосчууд хүртэл Сөүл хотоо тамын хот гэж хочилдог. Xөгжилтэй гээд шүтээд байдаг Хятадад л гэхэд ядуус олонтой.

6 second read
0
1
1,948

Ярилцах урилга хүлээн авсанд баярлалаа. Таныг сошиал дээр залуучууд түлхүү зураг дардаг сонирхолтой, контентууд хийдэг, байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг гэдгээр нь мэдэж байгаа байх. Яг үндсэн мэргэжил нь юу билээ, өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Жанибек гэдэг. Миний үндсэн мэргэжил /IT/ програмист. Програмистаараа нэг жил ажиллаад зурагчин болсон. Үүнээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Зураг дарах, бичлэг хийх чиглэлээр ажиллаж байгаа.

Өнөөдөр Монголд нийгмийн бухимдал их байна. Гэхдээ үүний хажуугаар боломж байна гэдгийг анхаарах ёстой юм шиг байгаа юм. “Монголоос зайлъя, Монголоос зайлъя” гээд байх юм бол хэн үлдэх вэ гэдэг асуудал байна. Энэ тал дээр залуу хүний хувьд юу гэж бодож явдаг вэ?

Би ч гэсэн өмнө нь тийм бодолтой байсан. “Ер нь л Монгол хэцүү болчихсон байна, эдийн засаг муу байна” гээд л ганцхан Монгол л болохгүй байгаа юм шиг юм боддог байсан. Орон орноор явж үзээд анзаарсан зүйл юу вэ гэхээр улс болгонд л асуудал байдаг юм билээ. Орон болгонд л ядуучууд байдаг. Орон болгонд л болж бүтэхгүй олон асуудал бий. Бид нарын хөгжилтэй гээд шүтээд байдаг Хятадад л гэхэд ядуус олонтой. Боолчлолын нийгэм шиг, маш бага цалинтай ажилладаг. Хятад холоос гоё харагдаад байгаа ч гэсэн цаагуураа ажил хийж байгаа нийгэм нь их хэцүү. Солонгосчууд хүртэл Сөүл хотоо тамын хот гэж хочилдог. Эндээс харвал орон болгон өөрийн гэсэн сул, бас давуу талтай. Монголд маань давуу тал олон бий. Амьдрахад цөөхүүлээ, газар нутаг, гоё амьдрахад бүх л юм нь бололцоотой.

Хэдэн орноор явж үзэв? Сүүлд хаана байж байгаад ирсэн билээ?

Би Хятад, Солонгос, Турк, Орос, Казахстан, Киргизстан, Тайвань гээд дэлхийн долоон орноор явлаа. Ингэхдээ зүгээр дайрч өнгөрөөгүй. Тэр орнуудад дор хаяж гурван сараас дээш, 1- 2 жилийн хугацаагаар байсан болохоор нийгмийг нь их сайн ойлгосон. Сүүлд Турк руу нэг жилээр яваад ирсэн. Бид нар улс орны аль нэг гоё талыг нь л хараад байдаг. Гэтэл бид цаана нь байгаа хэцүү амьдралыг нь ерөөсөө хардаггүй. Бид эх орныхоо л хэцүү амьдралыг мэддэг болохоор л эх орноо муухай гэж хараад байдаг юм билээ.

Тэгвэл Монголд боломж хайя гэвэл юунаас эхлэх вэ?

Монголоос гадаад руу ажиллах боломж нэлээн нээлттэй байдаг. Бусад орныг бодвол хамаагүй нээлттэй байдаг гэж би хардаг.ITчиглэлээр гэх мэт. Ер нь ямар ч мэргэжлээр онлайнаар ажил хийж болно. Жишээ нь, би гэрэл зургийн мэргэжилтэй байлаа гэж бодоход арьс засдаг онлайн ажил хийж болно. Туркэд л гэхэд өдөрт маш олон зурагчин их хэмжээний зураг авдаг. Тэр авсан зургийг нь боловсруулах хүний тоо хүрэлцдэггүй юм билээ. Түүнийг нь гадаадаас хүмүүс онлайнаар янзалж өгдөг. Энэ мэт ажлууд зөндөө байдаг. Үүнийг өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Хоёрдугаарт, инстаграмыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Хүний зургийг янзалж өгдөг ажил авахын тулд таны инстаграм дээр дагагч их, мөн ийм ажил хийгээд сурчихсан гээд өөрийгөө сурталчлаад сурчих юм бол гадаад руу ажиллах боломжтой.

ITчиглэлээр гадаад руу ажиллаж байгаа залуус маш их байдаг. 200-300 мянган долларын цалинтайгаар өөрийгөө хөгжүүлээд явж байгаа залуус олон байна.

Хэн ч, хаанаас ч өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдсэн нь сайхан юм даа.

Youtube-ээр хүссэн зүйлээ сурч болж байна шүү дээ.

Гадны улсуудад явж байхдаа Монголд л ийм боломж байна даа гэж бодогдож байсан зүйлүүд юу байдаг бол?

Бид хамгийн өндөр зэрэглэлийн мах иддэг. Хамгийн цэвэр усыг уудаг. Хамгийн цэвэр агаарт байдаг. Үүнийхээ үнэ цэнийг мэдэж байх хэрэгтэй. Хүн байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ерөөсөө мэддэггүй байхгүй юу. Маргааш бид усгүй болчихлоо гэхэд усны үнэ цэнийг хүн маш сайн ойлгож эхэлнэ. Ус гэдэг чинь ийм л үнэ цэнтэй байсан зүйл гээд… Эх орон чинь яг үүнтэй адил. Ямар эрх чөлөөтэй, үнэ цэнтэй, ийм нутагт амьдарч байгаагаа сайн мэдэж байх ёстой. Мэдэж байна гэдэг, Монголдоо байна гэдэг эх орондоо оруулж байгаа хувь нэмэр.

Иргэний хүний хариуцлагыг талаар ярья. Жишээлбэл, Солонгост ийм байдаг юм билээ. Үүнийг Солонгос багш маань надад зааж өгсөн байхгүй юу. Тэр нь юу вэ гэвэл “Чи сурснаа бусдад зааж өг. Чамаар заалгасан тэр хүн чинь чамаас илүү явж байвал тэр бол чиний аз жаргал. Гэхдээ чи үүнийг одоо ойлгохгүй. Ирээдүйд ойлгох байх гэж” хэлж байсан юм. Би юм сурч л байгаа бол тэр мэдлэгээ харамгүйгээр бусдад зааж байх ёстой. Дээд үеийнхэн нь доод үеийнхэндээ заагаад, хүмүүжүүлээд явж байх ёстой юм байна л даа. Манайхны нэг муу тал нь нэг сурсан юмаа харамлаад байдаг. Тэгэхгүйгээр нээлттэй, нэг нэгэндээ зааж сургаад явбал улсаараа хөгжих боломжтой гэж боддог. Иргэн хүний хариуцлага гэдэг зүйлийг өөртөө авсан юмыг бусдадаа түгээхийн нэр гэж их боддог.

Төр засгаас хамгийн түрүүнд үүнийг шийдээсэй гэж бодож байгаа зүйл юу байна вэ?

Сонгуулийн систем л гэж харж байна. Сонгуулийн систем гэдэг ямар хүн гаргаж ирэх вэ гэдгээ шийддэг. Ерөнхийдөө, сонгуулиар хэн мөнгөтэй нь л гарч ирж байгаа. Мөнгө нь гадаад хүний халаасан дахь мөнгө ч байж болно. Гадаад хүн санхүүжүүлээд гаргаад ирчихсэн ч байж магадгүй шүү дээ. Тийм болохоор мөнгөнөөс хамааралгүйгээр сонгууль явдаг болчихоосой гэж бодож байгаа юм. Суурь асуудлууд нь шийдэгдчих юм бол хотын хөгжил, иргэний боловсрол гэдэг том асуудал биш гэж харж байна.

Залуучуудын улстөрийн оролцоо сул байна. Үүнийг дээшлүүлэх тал дээр юу уриалмаар байна? Улстөр надад хамаагүй гэж ярих тусмаа л бид хохироод байна шүү дээ.

Эх орноо хайрлах сэтгэл жаахан дутаад байгаа юм уу гэж харж байна. Бид нар Улаанбаатараа ч хайрладаггүй. Улаанбаатарыг юман чинээ боддоггүй, хамгийн муухай хот гэж боддог, хочилдог. Яг үнэндээ хайрлавал Улаанбаатар маань гоё хот. Эх орноо хайрлах сэтгэлтэй, эх орныхоо үнэ цэнийг мэдрээд ирэхээр залуус сонгуулиа өгдөг болоод, хариуцлагатай болж эхлэх байх. Залуучуудыг хүчлээд, заавал сонгуульд саналаа өг гэхээс илүү хаана амьдарч байна, бид нар юу хийж байгаа вэ гэдэг үнэ цэнээ сайн ойлгуулах ёстой гэж л харж байна.

Анзаарах юм бол Монголд маань боломж байгаа шүү. Тэр боломжуудыг ашиглаарай, олж хараарай гэдэг тал дээр юу уриалах вэ?

Монгол улс гуравхан сая хүнтэй. Зах зээл жижигхэн. Залуучууд ямар ч мэргэжлээр ажилласан ч бай, ямар мэргэжлээр ажилласан ч дээшлээд, сайн явах боломжтой. Хятад, өөр оронд, хүн ам ихтэй оронд маш их хэцүү байдаг. Маш их хөдөлмөрлөж байж, хөрөнгө цуглуулж байж бизнес босдог. Өрсөлдөөн ихтэй. Монголд ямар ч юм хийсэн ч зах зээл нь байж байдаг.

Монголдоо байх нь бидэнд ашигтай байхгүй. Бид нар өнөөдөр гадаад руу чөлөөтэй аялж, сурч байна. АНУ-ын виз гараад л, Солонгос руу очиж ажиллаад л. Энэ чинь ерөөсөө Монгол улсын гавьяа. Юу сайхан, дассан газар сайхан шүү дээ. Хичнээн гоё газар очиж, гадаад руу явлаа ч Монголдоо л очмоор санагддаг. Мэдээж, хүн хүнээс хамаарна. Эдийн засгийн хувьд гадаадад илүү ашигтай ажиллаж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ Монголдоо л байж, хөгжүүлвэл бидний үр хойчид хэрэгтэй.

Эх сурвалж: Urug.mn

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…