Юуны өмнө бичих гэж буй зүйлээ Lil Thug-E хурдан эдгэх болтугай гэж эхлүүлье ээ 🙏🏼 Ойрд нэгэн зүйлийн талаар их бодох боллоо. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Хэзээ ч, хэнийг ч дайрч болзошгүй.
Олны танил хүмүүс өвдвөл бусад сайхан сэтгэлтэй олны танилуудынхаа дэмжлэгээр урлаг, спортын арга хэмжээ, дуудлага худалдаа гэх мэт компанит ажлууд тасралтгүй зохион байгуулагдаж нүдэн дээр эмчилгээний зардал нь босч байх жишээний. Энэ бол мэдээж гайхалтай сайхан хэрэг.
Гэхдээ олны танил хүмүүсийн хувьд шүү. Ер нь анзаараад байхад урлаг, спортынхон хүнд өвчин туссан нэгнийгээ дэмжээд, ард түмнээ уриалаад ямартаа ч учирч болох санхүүгийн эрсдэлийг нь даваад гарчих чадалтай байна.
Харин та эсвэл би өвдвөл яах вэ? Big Gee, Цэцээ өөр хэн байдгийн олны түүчээлэгчид бидний төлөө ингэж гүйхгүй. Ер нь хэн ч бидний төлөө гүйхгүй. Учир нь бид од биш, олны танил биш, ер нь хэн ч биш. Зүгээр л авсан цалингаараа амьдралаа залгуулдаг, олон хүнд танигдахгүй ч танидаг хэдийнхээ хажууд удаан байхыг хүсдэг энгийн л нэг иргэд.
Гэхдээ бидэнд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах асар том боломж байдаг. Энэ бол хувийн эрүүл мэндийн даатгал юм. Хүн бүр, ялангуяа залуучууд тэр бүр энэ талаар сонсож байгаагүй байх. Хэрвээ бид эрүүл мэндийн даатгалтай бол хүнд өвчин туссан тохиолдолд даатгалаасаа эмчилгээний зардалаа гаргуулах бүрэн боломж байдаг.
Алийн болгон хандиваар эмчилгээний зардалаа босгох вэ дээ? Ялангуяа олны танил биш бидэн шиг хүмүүс бол бүр мөрөөдөөд ч хэрэггүй. Үсрээл хамаатан садан, найз нөхөд гээд 1 анги ч дүүргэж чадахгүй хэдэн хүмүүсээс жаахан хэдэн төгрөг орж ирнэ биз. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг бусдад биш өөртөө даатгаж сурах хэрэгтэй байна.
Миний хувьд жил бүр хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг. Эм тарианаас авхуулаад эмчилгээний зардал, дурын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоногийн төлбөр гээд эрүүл мэндтэй холбоотой бүх зардалаа даатгалаасаа гаргуулдаг. Би хэзээ ч эрүүл мэндтэй холбоотой асуудлаар мөнгө төлдөггүй, бүгдийг нь даатгал хариуцдаг.
Өөрийнхөө төлөө жилдээ ганцхан удаа мөнгө төлөөд эрүүл мэндээ даатгуулдаг байгаарай, эрүүл мэндийн боловсролтой, мэдлэгтэй байгаарай. Дахиад хэлье өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг шүү.
– Аригун