
Токиогийн олимпод боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагналаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж буй юм. Энэ үеэр Э.Цэндбаатарт шагналыг нь гардуулан өглөө.
Ташрамд сануулахад ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан билээ.
Тамирчин залуу маань ойрын үед хэл аманд маш ихээр өртөөд дэлхийн аваргад явах боломжгүй болоод байсан бол олон түмнийхээ хүчээр дэлхийн аваргад оролцох эрх олж авахын тулд ирэх сарын 3-нд Эрдэнэт хотын Сэлэнгэ баазад болох сорил тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай өрсөлдөнө. Сорил тэмцээний ялагч ДАШТ-нд өрсөлдөх эрхтэй болох юм.
Тэгвэл тэмцээнийг үзэгч, олонд нээлттэйгээр шууд дамжуулах аж. Тэмцээнийг Ntv телевизээр шууд цацахаар болжээ.
Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрээр 25 настай бөгөөд 163 см өндөр, 60 кг жинтэй 10 настайдаа “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Сэрдамба, Бадар-ууган нарыг тулалдахыг хараад бокс тоглох хүсэл төрсөн гэдэг. Ингээд тэрээр Б.Энхтайван багшийн “Баянгол” секцэнд бүртгүүлсэн байдаг.