
Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, дуучин The Weeknd (Абел Тесфайе) нар болзож байгаа эсэх талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Тэд өнгөрөгч бямба гарагт Лос Анжелест байдаг Giorgio Baldi ресторанд хамтдаа оройн зоог барихаар дахин уулзжээ. Дахин гэж тодотгосны учир нь тэд өмнө нь энэ оны зургаадугаар сарын 30-нд энэхүү ресторанд уулзаж олны нүдэнд анх өртөж байв.
Зургаан хүүхдийн ээж, 46 настай жүжигчин Анжелина Жоли, 31 настай дуучин The Weeknd нар тансаг зэрэглэлийн итали рестораны VIP өрөөнд хоёр цаг гаруй хугацаанд хамтдаа суужээ.
Анжелина ресторанд 20:05 цагт The Weeknd-ээс тусдаа буюу түүнийг ирснээс таван минутын дараа ирсэн ч тэд ресторанаас хамтдаа гарч ирэн дуучны машины арын суудалд суун хамт явжээ.
Алдарт жүжигчин бүсгүй, дуучин залуу хоёрын дунд дурлалын романс үүссэн эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж, гаднын хэвлэлүүд бичээд эхэлжээ. Анжелина Жоли өмнө нь кинонд хамтран тоглосон гурван жүжигчинтэй гэрлэж байсан юм.
Эхнийх нь Жонни Ли Миллер байсан бөгөөд тэдний гурван жилийн гэрлэлт нь 1999 онд найрсаг харилцаагаар дуусгавар болж байв. Жоли мөн өөрөөсөө нас ахимаг жүжигчин эр Билли Боб Тортонтой гэр бүл болсон ч удалгүй хоёр тийш болсон. Тэрээр сүүлийн экс нөхөр Брэд Питтэй өнгөрүүлсэн 12 жилийн хамтын амьдралаа (хуримаа хийснээс хойш хоёр жилийн дараа) 2016 онд дуусгавар болгосон билээ.
Харин The Weeknd өмнө нь гэрлэж байгаагүй ч хоёр ч дурлалын романстай. Тэрээр 2015 оны дөрөвдүгээр сард Coachella-д оролцож байхдаа модель, загвар өмсөгч Белла Хадидтай танилцаж байсан ба Белла түүний “Шөнө дунд” дууных нь клипэнд тоглож байв. Тэд 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл болзсон бөгөөд яг жилийн дараа харилцаагаа сэргээсэн ч 2019 оны наймдугаар сард дахин салсан юм. Тэрээр мөн дуучин Селена Гомезтой 2017 онд арван сарын хугацаанд болзож байсан нь тухайн үедээ мөн л олны анхаарлыг татаж байв.
Эх сурвалж: Dailymail.co.uk