Жаахан сэгсгэр найз минь, жамын гэрэлт өвс минь… -Чи яаж шүлэг бичдэг юм бэ? -Мэдэхгүй. -Мэдэхгүй байж яагаад бичдэг юм бэ? -Зүгээр л бичихгүй юү…
Энэ бол 18 настай Момогийн 19 настай надад тавьсан анхны асуулт. Эргээд бодоход яах аргагүй судлаачийн асуулт байсан юм билээ. Момо чихээ өнгөртөл үсээ урт ургуулна. Түүнийгээ яг голоор нь хуваана, тэгээд нэг л их шидэлнэ. Нүдний шилээ засч ирээд л, дөхөж суугаад зөндөө ихийг ярина.
Бид Дашбалбар багшийн хичээл дээр л шивнэлддэггүй байсан байх. Толгойнуудаа сэгсийтэл нийлүүлчихээд л том том сэдвийг нам нам дуугаар ярилцана. Багшийг хоолой засахад бас гэмшсэн царайлна. Савка, Момо бид гурав бараг салахгүй. Момо цүнхээ элгэндээ тэвэрчихээд л гүйж явна. Савкаг бол охид хаа явсан газар нь дагаастай. Момо гэдэг нь Пүрэвхүүгийн Батхуяг, судлаач, шүүмжлэгч, зохиолч, багш…
Xарин Савка гэдэг нь төвд судлаач Гончигийн Ням-Очир. Хүрээ хөвгүүд хөдөөний дураараа охин…бид дэндүү гэгээн, дэндүү аниргүй хэрнээ ааштай, бас дэндүү хөгшин хэрнээ залуухан оюутнууд явлаа…анх ярилцахад хэн хэн нь маш хөнгөн, андлаад нөхөрлөөд явахад хэн хэн нь оюун санааны ертөнцөд хүндээс хүнд эрэгцүүллүүдээ үүрээд хэтэрхий гүн шумбасан, далавчаа сэгсрэх завгүй даанчиг гэгээн алхсан даа.
Дашбалбарын хэдэн гөлөгнvvд гэж адлах нь ч бий, үнэлэх нь ч бий. Гэвч өөр өөрийн мөр замтай, мөрөөдөл зорилготой. Би бол онол үл тооно, үл хэрэгсэнэ, үл сонирхоно, үүнийхээ хэрээр бүх дүрмийг зөрчигч. Савка эртний түүх, монгол судлал, философид гүн дурлагч.
Харин П.Батхуяг бол хуучин онолыг шинээр халагч, шинэ цаг үеийн онолын хаалгыг балбагч, эрж хайгаад олохгүй байгаа онолоо эрчлээс тааруулан боловсруулагч…гурвуулаа Дашбалбар багшийг хамгийн ихээр сонсоно, гэвч хамгийн ихээр түүнтэй тэрсэлдэнэ.
Бүгдээрээ л яруу найргийн ялгуусан мөртүүд дунд сурч төлөвшсөн атал өөр, өөр замаар өргөн орчлонг туулж явж дээ. Жаахан сэгсгэр найз минь ямархан нэгэн ойлголтын үндсийг нь хүртэл ухна, малтана.
Тэгээд мөнөөх үндсийг гаргаж ирээд, шороог нь сэгсрээд бусдад харуулна, ухуулна, эргүүлээд шинэ хөрсөнд суулгаад шилнийхээ цаанаас хачин гэгээхэн харна, хамаг мэдлэгээрээ усална. Ярьж байхдаа давхар үргэлж бодно.
Түрүүчийн бодлуудаа нүдний шилнийхээ цаана, харцандаа царцааж үлдээгээд, өөр сэдэв рүү чимээгүйхэн гулсан орно…занг нь мэддэг хүн бол аль эрт яриад өнгөрсөн сэдвээ бодсоор, боловсруулсаар байгааг нь мэднэ.
Монголын утга зохиол шинэ цагийн өнгөн дээр ширээ тулан өндийхөд ивээс нь, их мэдлэг нь, имэрч нухалсан эргэцүүллүүд нь, эрчлээс тааруулсан онолууд нь, шинэ ба хуучны шилмэл түлхээс нь П.Батхуяг байлаа.
Хуурмаг хэлбэрдэлтээс жинхэнэ утга зохиолыг таних аргачлал нь бас л П.Батхуяг байлаа. Түүний багшлах ухаан, багшийн сэтгэлд би үргэлж мэхийнэ.
Учир нь өөрийгөө бүтээж, өөрийгөө даван туулаад, дараа нь өрөөлд уйгагүй зааж, чиглүүлнэ гэдэг хэт хүртээмжтэй, хүрээ хязгааргүй агуу уудам сэтгэлээс л гардаг тэвчээр, тэнхлэг, тэнхээ билээ. Түүний шүүмж судлалын шим мандалд бас үргэлж талархана.
Хатуухан шүүмжлэлүүдэд нь өсөрхдөг төөрч будилсан бичигчдэд зүг чиг болох зүрх болоод итгэл одоо үгүй… Салбартаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг амаргүй. Салбартаа жин дарж, жирэм сүлжинэ гэдэг бүр ч амаргүй. Харин Момо маань яван чангарч чадсан ялгуусан тэвчээрт, яруухан сэтгэлт байлаа. Бүх дүрмийг зөрчиж бичиж, амьдардгийг минь, бүр чиний онолуудын ч бас зөрчдөгийг минь уучлаарай, тэгэхдээ энэ удаа чи дүрмээ зөрччихлөө, дэндүү эрт явчихлаа.
Жаахан сэгсгэр найз минь, жамын гэрэлт өвс минь, он цагийн тоосыг имрэн байж одоо болоод ирээдүйн тухай бид юу ярилцах байсныг мэдэхгүй. Утга зохиолд гүн дурлагч хөвгүүн минь, уран үгсээс агуулга хайгч иинь, уртаас урт замд чамаар дутахгүйн тулд чиний бүтээлүүдтэй хамт үлдье дээ!