“Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, 33 жилийн түүхэд Монголынхоо нэрийг багтаасан жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. Бид миссийн тэмцээний ард юу болж өрнөсөн, баяртай, гунигтай, шантармаар мөчүүдийг хэрхэн давсан болоод дараагийн зорилгынх нь талаар яриа дэлгэсэн юм.
-Тэргүүн миссийн титмийг хүртсэнээр танд сайхан боломжуудын үүд нээгдэж байгаа байх. Үүний сацуу та ямар үүрэг хүлээх вэ?
-Нэг жилийн хугацаанд продакшнтай гэрээ байгуулж ажиллана. Гэрээний хүрээнд хүмүүнлэгийн ажлуудад идэвхтэй оролцоно. Бид тэмцээнийхээ үеэр хүмүүнлэгийн ажил хийх ёстой байсан ч цар тахлын улмаас энэ үйл ажиллагаа хасагдсан.
Би тэргүүн миссээр шалгарснаар Жүжиглэх урлагийн сургууль болон IAU бизнесийн сургуулийн тэтгэлэг хүртсэн. Энэ эрхээ хэзээ ч хэрэглэсэн болох юм билээ. Тиймээс он гарсны дараа суралцаж эхэлнэ. Урлаг, бизнесийг хослуулан сурна гээд өөрийгөө бэлдэж байна. Арванхоёрдугаар сарын эхээр шагналаа хүртэх байсан ч к0Bидын улмаас нэгдүгээр сард болж хойшилсон.
Би ганцхан сар ч хамаагүй Монголдоо оччихоод ирмээр байна. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс явахгүй хүлээж бай гэж зөвлөсөн. Ямар ч байсан амралтынхаа үеэр нутагтаа очихыг тэсэн ядан хүлээж байна. Хүмүүс намайг гадаадад үлдчих вий гээд л санаа зовоод байдаг юм. Эх орноосоо өвөртөлж ирсэн зорилгоо биелүүлчхээд, нутагтаа очиж хийхийг хүссэн олон зүйл бий.
-Энэ тэмцээнд оролцогчид дунджаар хэр их зардал гаргадаг бол?
-Анх их олуулаа байсан ч шалгаруулалтын явцад хасагдсанаар хамгийн сүүлд 48 бүсгүй үлдсэн. Тэмцээндээ анх бүртгүүлэх үеэс эхлээд л зардал гардаг. Нэг хүн дунджаар 30-50 мянган ам.долларыг тэмцээнд оролцоход зарцуулсан гэж болно. Миссийн тэмцээн бол нэг талаасаа бизнес. АНУ-д өөрийнхөө төрж өссөн улсынхаа нэрийг төлөөлж буй учраас асар их хичээж, бололцоондоо тааруулж зардал гаргадаг юм шиг санагдсан.
БҮГД БИЕ БИЕЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮНДЭЛЖ, УЛС ОРНЫХОО ЁС ЗАНШИЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫН ТАЛААР ХУВААЛЦДАГ БАЙСАН
-Тэмцээний финалын өдөр хэрхэн өнгөрсөн бэ?
-Финал болох өдрийн өмнөх өдөр манай оролцогчдын нэгээс нь кoBид илэрсэн. Тэмцээний бэлтгэлийн үеэр бүгд амны хаалтаа тайлдаггүй байсан учраас халдBарын тaрхaлт нь гайгүй байсан байх. Бид бүгд эцсийн шалгаруулалтдаа орохоосоо өмнө болон дараа нь кoBидын шинжилгээ өгсөн.
ХалдBар авсан оролцогч бүсгүй зүүмээр эцсийн шатныхаа шалгаруулалтад орсон. 4000 орчим хүний суудалтай танхим дүүрэн хүн финалын тэмцээнийг үзсэн. Үзэгчид амны хаалтаа тайлахгүйгээр тэмцээнээ үзсэн. Оролцогч охид тайзан дээр гарахдаа л амны хаалтаа тайлж байсан. Тэмцээний дараа хэд хэдэн бүсгүй халдBар авсан нь батлагдсан. Азаар манай монгол оролцогчид өвдөөгүй.
-Энэ тэмцээнд танаас гадна хэчнээн монгол оролцогч өрсөлдсөн бэ?
-Энэ миссийн тэмцээн өсвөр насны болон ээжүүдийн оролцдог зэрэг үндсэн таван төрөлтэй. Өсвөр насны ангилалд 17 настай н.Маргад охин оролцсон. “Miss Asia USA”-ийн миний оролцсон үндсэн ангилалд Айяда гэж дууддаг монгол бүсгүй оролцсон. Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бүгд л чадахаараа хичээж оролцсон. Тэмцээн учраас өөр өөрсдийнхөөрөө л өрсөлдсөн. Влогууд маань ороогүй байгаа болохоос би монгол оролцогчдынхоо тухай ярьсан бичлэгүүд зөндөө байгаа.
-Тэмцээний үеэр ямар улсын миссүүдтэй дотно найзууд болсон бэ?
-Манай миссүүд бүгд надад дуртай. Намайг түрүүлэхэд бүх миссүүд ирж тэврээд, халуун баяр хүргэсэн. Яагаад гэвэл би бүх оролцогчтой ижилхэн найрсаг сайхан харьцаж, чадахгүй мэдэхгүй зүйлд нь тусалдаг байсан юм. Тэмцээн учраас өрсөлдөөн бий. Гэхдээ бүгд бие биеэ чин сэтгэлээсээ хүндэлж, улс орныхоо ёс заншил, өв уламжлалын талаар хуваалцдаг байсан.
Украин Улсын мисстэй маш дотно найзалсан. Бид хамтдаа 14 хоног амьдарсан. Тэмцээний бэлтгэлийн үеэр миний төрсөн өдөр таарсан. Бүгд миний баярт мөчийг хуваалцсан. Би төрсөн өдөртөө маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг. Гэхдээ энэ удаа тэмцээндээ л бүх анхаарлаа хандуулсан.
Манай украин найз инстаграмдаа 200 монгол дагагчтай болсон гэсэн. Тэгээд надад “Монгол хэлээ давтмаар байна. Миний монгол дагагчид намайг хүлээж байгаа” гэж ярьсан. /Инээв/
ХАМТ ӨРСӨЛДСӨН МИССҮҮД СҮҮЛИЙН ШАТАНД НЭГЭНДЭЭ ОНОО ӨГЧ, ДҮГНЭСЭН
-Өрсөлдөгч миссүүд нэгэндээ хатyyрхах тохиолдол гарсан уу?
-Надад дyргvй гэдгээ үг, үйлдлээрээ илэрхийлээд байсан Таиландын мисс бид хоёр финалд шалгарч, тэргүүн миссийн титмийг хэн нь авахаа сонсохоор тайзнаа зогссон. Бүжгийн бэлтгэлийн үеэр санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй намайг тvлхэж, ц0xичx00д yyчлалт ч гyйxгүй цэxэлзээд өнгөрдөг байв.
Би бол инээгээд л өнгөрөөдөг байсан. Сөрөг зүйлийг нь огт тоохгүй орхиод “Энийгээ буруу хийгээд байна. Би туслах уу” гээд л өөдөөс нь огт сөprөлддөггүй байсан юм. Бусад ихэнх оролцогчид намайг хөөрхөн ааштай гээд их дэмждэг.
-Таныг тэргүүн миссээр шалгарахад ямар хүчин зүйл хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ?
-Хамт өрсөлдсөн миссүүд сүүлийн шатанд нэгэндээ оноо өгч, дүгнэсэн. Энэ нөлөөлсөн байх. Мөн тэмцээний шалгаруулалтын үеэр шүүгч гэдгээ мэдэгдэхгүйгээр миссүүдийн дунд ажиглагчид байсан юм билээ. Тэд хэн нь яаж байгааг харж, оноо өгч байсан болов уу гэж бодсон.
Бид финалын тэмцээнээ дуусгасны дараа унтлагын хувцастай үдэшлэг хийсэн. Энэ үеэр тэмцээний шүүгчид надад “Чамайг бусдад тусч, найрсаг зан чанар чинь маш их чимдэг. Мөн бэлтгэлийн үеэр зөвхөн өөрийгөө боддоггүй. Бүгдэд анхаарал, шаардлага тавьж байгаа нь мундаг байсан. Бүжиг, тайзны алхаанд бусдадаа тусалж байсныг нь анзаарсан. Алдсан ч инээж, бүгдийг өөдрөгөөр хүлээж авдаг нь сайшаалтай” гэж онцолсон. Ийм үгс сонсоод магнайгаа тэнийтэл баярласан. Тэр мэдрэмж одоо ч дотор минь байна.
Амралтгүй бэлтгэлээс болоод бүх оролцогчид ядарсан байхад би ганцаараа эрч хүчтэй хүн “Алив манайхан инээгээрэй” гээд л бусдыгаа идэвхжүүлдэг байсан. Тийм болохоор манай миссүүд надад их сайн. “Энэ их эрч хүч хаанаас чинь гардаг юм бэ” гээд л ам асуудаг.
-Та хэдий цоглог, эрч хүчтэй харагдсан ч хэцүү зүйлс тохиолдож л байсан байх.
-Мэдээж амаргүй зүйлүүд өдөр бүр л тохиолддог. Өндөр өсгийттэй хэдэн өдөр дараалж бэлтгэл хийснээс болж хөлийн арьс зулгарч хуулраад, мах нь гараад хавдчихсан. Бүгдийнх нь хөл ялгаагүй шархалж өвдсөн. Шархны наалт наахаар хуулраад байхаар нь тэр чигээр нь гүрийчихсэн. Сүүлдээ эгц зогсоход ч хэцүү санагдаж хөл чичрээд байсан. Сэтгэл хөдлөлд автсан үедээ хүн анзаардаггүй юм билээ. Тэмцээн дууссаны дараа хурдхан л гутлаа тайлахыг хүсэж байлаа. Эргээд харахад би ямар их улайрч байсан юм бэ гэж өөрийгөө гайхсан шүү.
Би угаасаа жин багатай. Гэхдээ тэмцээнд оролцох үеэрээ хэвийн жингээсээ дөрвөн кг турж, 49 кг болсон. Дасгал хөдөлгөөнийг турах гэж биш, зарим булчингаа томруулах гэж хийдэг.
Тэмцээний дараа найзууд маань намайг харж yйлaaд “Ямар аймар турчихсан юм бэ” гээд л эвийлээд байсан. Эхэндээ та нар яагаад yйлаад байгаа юм бэ гээд би найзуудыгаа шooлooд инээгээд, удалгүй өөрөө мэлмэрчихсэн. Ядарсан ч хамаагүй хүссэн зорилгодоо хүрэх мэдрэмжийг юугаар ч зүйрлэшгүй.
-Эцсийн шалгаруулалтыг хэр их монголчууд очиж үзсэн бэ?
-Манай гэр бүл, найз нөхдөөс гадна өөр хотоос ирсэн монголчууд төрийн далбаагаа бариад үзэгчдийн суудалд суусан байсан. Тайзан дээрээс тэднийгээ далбаагаар нь таньж олчхоод л сэтгэл дүүрэн инээмсэглээд гараараа далласан. Манайхан бүгд “Шүүдрээ” гээд л орилоод байсан. Би сайхан хүмүүсийн дэмжлэгээр маш их өөртөө итгэлтэй байсан.
БИ ХАНГАЛТТАЙ СЭТГЭЛИЙН ДАРХЛААТАЙ ХҮН
-Тэмцээнээ амжилттай дуусгаж санаагаа амраачхаад дараа нь хамгийн түрүүнд юу хийв?
-Би монгол хоолнуудаас цуйванд маш их дуртай. Тэмцээнээ дуусгаад баяраа тэмдэглэчхээд цуйван, бууз, хуушуур идсэн. Маргааш нь хоол хурцадсаны улмаас бөөлжсөн. /инээв/ Тэмцээний үеэр цаанаас нь ногоо, жимс л түлхүү өгдөг байсан юм. Махан хоол иддэг байсан ч ходоод хөнгөн хооллолтод дасчихсан байв.
-Таныг үгүйсгэж, бусад оролцогчдыг үл хүндэлсэн сөрөг мэдээллүүд цахимд тархсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монголчууд бид гуравхан сая гаруй хүн амтай. Тэрбум, хэдэн зуун сая хүн амтай улсуудын хажууд дэндүү цөөхүүлээ. Тиймээс бие биеийгээ дэмждэг байгаасай л гэж хүсдэг. Энэ тэмцээн дэлхийн миссийн тэмцээний хажууд маш жижигхэнд тооцогдоно. Гэхдээ АНУ-д зохион байгуулдаг миссийн тэмцээнүүд дундаа нэр хүндтэй, олон жилийн түүхтэйд багтана. Хувь хүнээс хатуужил, тэсвэр тэвчээр, хувийн сахилга бат, мисст байх ёстой олон зан чанарыг шаарддаг.
Би дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжинг чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Зовлон, жаргалыг нь амсчихсан болохоор чадах зүйлээрээ дэмжинэ. Монголчууд нэгнийгээ дэмждэг, амжилтад нь алга ташиж чаддаг байгаасай гэж хүсдэг.
Хүмүүс намайг муулсан ч миний амьдралд нөлөө үзүүлэхгүй. Би хангалттай сэтгэлийн дархлаатай хүн. Гэхдээ хүн гэдэг үгээр урамшиж урагшилдаг сэтгэлийн амьтан шүү дээ. Монголчууд амь нэгтэй байвал амжилт ойрхон гэж боддог. Энэ ташрамд намайг чин сэтгэлээсээ дэмжсэн хүн бүрд маш их баярласнаа хэлмээр байна.
-Зорьсон тэмцээнийхээ тэргүүн титмийг авлаа. Одоо өөр юуг зорьж байна?
-АНУ-д ирсэн шалтгаан маань магистрт сурах юм. Тиймээс хоёр сургуульдаа сурна. Эрдмийн зэргээ дээшлүүлчхээд эх орондоо очих зорилготой. Лос-Анжелост очоод сурахын сацуу олон газартай хамтарч ажиллана. Тэмцээний дараа ажлын саналууд их ирсэн. Холливудын “тогоонд” орж, маш их зүйлийг сурахыг хүсэж байна. Сурсан мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцана гэхээс сэтгэл догдолж байна.
ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ, АМЬДРАЛДАА ӨНГӨ НЭМЭХИЙГ ХҮССЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ
-Шинэ влог хэзээ гарах вэ?
-Маш их бичлэг байна. Эвлүүлж суух зав гарахгүй байгаа. Гэхдээ цаг гаргаж амжуулахыг хичээнэ. Миссийн тэмцээний ард юу болдгийг youtube сувгаараа дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Хүнээр эвлүүлэг хийлгэхээр сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Би өөрийнхөөрөө энгийн бичлэгийг хүргэхийг хүсдэг.
-Ярилцлагаар дамжуулан нэмж хэлэх зүйл байна уу?
-Хүмүүс үзэгчдийн нүдээр л хардаг. Тайзны ард, гал гарсан тухайн орчинд ямар үйл явдал өрнөдгийг мэддэггүй. Настай эмэгтэйчүүдтэй өрсөлдсөн гэж намайг шүүмжилсэн байсан. Залруулж хэлэхэд энэ тэмцээн нь өсвөр насны, хүүхэдтэй ээжүүдийн зэрэг ангиллуудтай гэдгийг ахин сануулъя. Би “Miss Asia USA” буюу хамгийн нэр хүнд бүхий титмийг хүртсэн.
Хүн бүрийн энэ тэмцээнд орж буй зорилго маш өөр. Түрүүлэх нь чухал биш. Зүгээр л энэ тэмцээнд оролцоод мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн бүсгүйчүүд ч байсан. Өөрийгөө сорьж, амьдралдаа өнгө нэмэхийг хүссэн эмэгтэйчүүдийг элдвээр хэлж болохгүй. Олон жилийн мөрөөдлөө биелүүлж энэ тэмцээнд орж байгаадаа баярлан асгартал yйлж байсан эмэгтэйчүүд ч байсан. Тэгэхээр нэгнийгээ битгий дopoмжлoocoй.
Бусдад чин сэтгэлээсээ алга ташин баяр хүргэж чаддаг хүн амьдралдаа бусдын алга ташилтыг хүртсээр байдаг гэж боддог. Эерэг хандлагатай байх боломжгүй болтол нь нийгэм хүмүүсийг хүнд байдалд оруулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ аливааг ялгаж, өөрийн гэсэн оюун бодолтой, бусдыгаа дэмждэг байгаасай гэж хүсдэг.
Бүгд эрвийх дэрвийхээрээ хичээсэн. Дэмжиж тусалсан хүмүүсийнхээ ачаар л би энэ тэмцээнд амжилт гаргасан. Бид гуравхан саяулаа ч 33 жилийн түүхийг “эвдэж” тэргүүн титмийг авч чадсан. Би талархлаа илэрхийлж энд байгаа дотны хүмүүстэйгээ баяраа хуваалцан нэг өдрийг өнгөрөөсөн. Мөн эх орондоо очоод намайг дэмжсэн хүмүүстээ талархлаа илэрхийлж, баяраа хуваалцана гэхээс тэсэн ядаж байна. Баяр жаргалтай мөчөө бусадтай хуваалцдаг энэ зан чанараа алдахгүйг хичээдэг.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилтыг ерөөе.
-Маш их баярлалаа.
Эх сурвалж: GOGO.MN