Комедиан Д.Амартүвшин. Сонгодог либерал үзэлтэй, түүндээ туйлын үнэнч тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэн, үеийнхнийгээ манлайлж яваа залуу.
Тайзан дээр комеди хийн, бусдад инээд хөөр бэлэглэдэг Амарааг уншигч та бүхэн комедиан, ганц бие аав, сонирхолтой контентууд хийдэг гэдгээс өөрөөр хэр сайн мэдэх вэ. Тэр “Г0м0”, “Хөлcөөр жаrсагч, тэмцэrч” гэх мэт элдвээр хэлүүлэн барин юуны төлөө тэмцэж, дуугарч яваа бол. Ер нь Амараа гэж хэн бэ.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭЛДЭГ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖТЭЙ ӨССӨН БАГА НАС
Дарь-Эхэд төрж, өссөн би айлын ууган хүүхэд, хоёр дүүтэй. Ёстой нэг дэггүй, сахилгагүй гэж жигтэйхэн хүүхэд байлаа. Үргэлж сахилгагүйтдэг байсан болоод ч тэр үү хамгийн их сонсож өссөн үг минь “Болохгүй”. “Тэгж болохгүй, ингэж болохгүй” гэхээр “Яагаад өөрийнхөөрөө амьдарч болохгүй гэж. Миний амьдралыг яагаад заагаад байгаа юм бол” гэсэн бодол өөрийн эрхгүй надад төрнө.
Олонх хүүхэд “Зөв”, “Энэ л супер” гэж бодож буй зарим зүйл миний хувьд өөр байлаа. Хип хоп бүүм болж байсан үе. Бүхий л хүүхэд хип хоп хөгжимд дурлаж, шимтэж байхад би рок сонсож явсан. “Нирвана” хамтлаг миний анхны шүтээн байлаа.
Есдүгээр ангидаа уруул, чихээ цоолуулж байснаа тод санадаг. Сонсож, сонирхож буй зүйлээсээ авхуулаад би бусдаас өөр хүүхэд байсан. Үүнийг дагаад өөрийгөө хэрхэн илэрхийлэх, хувцаслалт хүртэл өөрчлөгдсөн. Би багаасаа бусдын эрхийг хүндэлдэг, эрх чөлөөний мэдрэмжтэй өссөн, одоо эргээд бодоход. Цэцэрлэгт байхын л тийм байсан.
Эрх чөлөө, сонгодог либерал үзлийн талаар ул суурьтай, онолын түвшинд судлаж, суралцсан минь Их сургуулиас эхлэлтэй. Би эдийн засагт их дуртай, сонирхолтой. Өнөөгийн үзэл санааг тэлж, харах цонхыг минь улам цэлгэр болгосон хүн бол Хууль зүйн сайд асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин багш. Хэдийгээр би физикийн ангийн оюутан байсан ч “Хөгжицгөөе” клубт элсэн, хамрагдсан нь намайг олон талаар өөрчилсөн, хөгжүүлсэн.
2000 оны эхэн үед Баабар гуай эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн бүтээл орчуулсныг нь шимтэн уншдаг байлаа. “Эдийн засгийн ухааны эдүүгээчлэгдсэн замнал”, “Хувь заяагаа сонгох нь” зэрэг ном надад их нөлөөлсөн.
МУИС-ийг ТӨГСӨХИЙГ ХИЧЭЭН ХОЁР УДАА УЛИРСАН Ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ
Түрүүн физикийн ангийн оюутан байсан гэснийг та анзаарсан байх. Би МУИС-ийн Геофизикийн ангид сурдаг байлаа, төгсөөгүй л болохоос. Сургуулиа төгсөх гэж хичээгээгүй биш хичээсэн, уг нь.
Даанч багш нартай муудалцдаг, сургалтын албаныхантай таарамж муутай байсан би IV дамжаанд хоёр удаа улираад “Больё. Бүтэхгүй юм байна” гэж бодсон, тэгээд л шууд сургуулиа хаясан. Дахиж сураагүй, оролдоо ч үгүй. Дахиж сурах шаардлагагүй гэж бодсон минь одоо ч хэвээрээ.
Зарим багш надаас д0р мэдлэгтэй байхад би яах гэж сурах юм бэ. Цаг, мөнгөний гарз. Яг юуны төлөө сурах зорилго чухал. Дипломны төлөө юү, сурч боловсрох зорилгоор уу. Тэр цаастай, цаасгүй ажиллаж, амьдарч болно. Би дипломгүй мөртлөө “Оюу толгой”-д хүртэл ажилласан. Тэгэхээр тэр цаасны хэрэг байгаа ч юм уу, үгүй юм уу.
Би тийм ч сурлага сайтай оюутан байгаагүй. Хичээлдээ жаахан дургүй, багш нартайгаа үл ойлголцдог, сав л хийвэл шоудаад явчихдаг байлаа, үнэнийг хэлэхэд. Би МУИС-ийн геофизикийн ангид хүсэж ороогүй. XI сургуульд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар DJ хийдэг байв.
Хичээл, ажлаа зохицуулах гэж амьхандаа хичээж, чармайсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад олигтой оноо авч чадаагүй. “Дээд сургуульд элс, мэргэжил эзэмш” гэх гэр бүлийнхний шаxалт, бусдын адил оюутан болохыг хүсээд л МУИС-д орсон юм. Тус сургуульд сураад их зүйл сурсан, ойлгосон. Гэхдээ хичээл, мэдлэг бус амьдралын хар ухааныг.
Эх сурвалж: Eguur.mn /Хүн цэг/