Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байх үедээ “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээн хэлсэн нь анхаарал татаад буй.
Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үүдэлтэй тэрбум мод тарих аян аль хэдийнээ явагдаж эхэлсэн ч эргэлзээ төрүүлсэн маш их зүйл байгаа юм. Эхний жишээ: Сэлэнгэ аймгийн оршин суугч өөрийн сошиал хаяг дээрээ дараах байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна.
– Cэлэнгийн маань ургаа мод Тэрбум мод аяны балгаар хотруу ачигдаад дууслаа. Эсэргүүцэж байна. Дарга даамлууд нь мэддэг юм болов уу. Ургаж байгаа модыг ухаад хотод аваачиж vхvvлэх нь одоо ямар юмны аян нтр байх вэ? Арайч дээ найзын хүсэлт… гэжээ.
Нэг тэрбум гэдэг нь мод тарих тухайд “том тоо” мөн үү, энэ тооны модыг тарихад ямар хэмжээний талбай шаардлагатай вэ?
Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай гэсэн үг. Манай Улсын нийт газар нутгийн хэмжээ 1.5 сая км² юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс хэлсэн тоо тийм ч их тоо биш байх нь.
Гэхдээ мод тарих гэдгийг амралтын өдөр цуглаад нүхэнд суулгац тариад, түүнийгээ хувинтай усаар услаад үлдээхийг хэлдэггүй. Тухайн модны суулгац хөрсөндөө дасан зохицож, ургах хүртэл арчилгаа үргэлжлэх ёстой аж. Тодруулбал, хамгийн багадаа нэг жил модоо арчлах ёстойг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 он гэхэд манай орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос бараг хоёр дахин буурсан.
Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэйг хэлж буй. Тодруулбал, түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна.
Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм.