Хаврын нэгэн хүйтэн өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэн н.Доржхорлоо гуай хониндоо явж байхдаа ой модон дотроос дөнгөж төрсөн янзага олжээ. Тухайн үед янзагыг орхивол хөлдөж үхэх аюултай байсан тул тэрбээр өвөртөө хийгээд гэртээ авч ирсэн байдаг.
Тэр өдрөөс хойш бор янзага энэ айлын дөрөв дэх хүү нь болсон. Учир нь н.Доржхорлоо гуай болон түүний эхнэр Д.Буянтогтох нар янзагыг өхөөрдөн Борхүү хэмээн нэрлэж, яг л хүүхэд шигээ санан хооллож, ундлан өсгөсөн юм.
Амь орох нь уу гэмээр олдсон нялх янзага одоо сэргэр том эвэртэй буга болжээ. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард н.Доржхорлоо, Д.Буянтогтох нар байгальд нь тавьсан ч ээнэгшин дассан эздээ хайсаар буцаж ирсэн байна.
-Борхүүг байгальд нь тавьсан гэж дуулсан. Буцаад хүрээд ирсэн хэрэг үү?
-Тийм ээ. Өнгөрсөн наймдугаар сарын 4-нд бид Борхүүгээ байгальд нь тавьж явуулчхаад хангайгаас намаржаа руугаа нүүсэн юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Борхүү чинь та хоёрыг хайгаад давхиад байна” гэсэн сураг дуулдсан. Дөрөв, тав хоногийн дараа бид хоёр Борхүүгээ хайж уул, хадаа зөндөө явсан ч олоогүй. Нэг өдөр айлаас сураглатал өглөө урагшаа давхиад явчихсан гэсэн. Гэтэл айлын хонинд очоод нийлчихсэн байсан. Бид хоёрыг харчхаад хүүхэд шиг л гүйгээд ирсэн дээ. Тэрнээс хойш дахиж яваагүй. Одоо бидэнтэй хамт байна.
-Бугатай нийлсэн гэсэн сураг дуулдсан гэж байсан?
-Тийм ээ. Эхэндээ танай Борхүү чинь бугатай нийлчихсэн байна гэсэн сураг дуулдсан юм. Бид ч санаа амарч “ашгүй дээ” гээд сууж байдал удалгүй “Борхүү та хоёрыг хайгаад байгаа бололтой, айл айлын хонин дээр очоод буцаж давхиад байна” гэсэн. Мотоциклынхоо дууг нь таньдаг юм шиг байгаа юм. Биднийг хайгаад айл айлын үүдэнд очиж, мотоцикл явсан ч чагнаж зогсоод байсан гэсэн. Энэ жил бид хоёр Борхүүгээ ноднингийнхоос өөр газар өвөлжүүлэх гэж байгаа. Одоохондоо манай хуучин өвөлжөөн дээр байгаа юм. Удахгүй шинэ өвөлжөөн дээр буухаараа Борхүүгээ хоньтойгоо хамт дагуулаад явна даа. Шинээр өвөлжүүлэх гэж байгаа газар аргаль, угалз элбэг байдаг. Сүүлд сонсох нь 18 аргаль, угалз байна гэсэн. Гэхдээ нийлэхгүй байх. Аргаль, угалз чинь маш хурдан амьтан шүү дээ.
-Буга урамдах цагаар яваагүй хэрэг үү?
-Харин тийм. Буга есөн сард урамддаг. Буга урамдах үед хүмүүс “Танай Борхүү явахгүй байна уу” гэж их ирсэн. Борхүү маань яваагүй.
-Та Борхүүг янзага байхаас нь хооллож, ундлан өсгөсөн шүү дээ. Ээнэгшин дассан болохоор байгальд нь тавьж явуулахад хэцүү байсан байх?
-Яг л миний хүүхэд шиг болчихсон амьтан. Хүмүүс “байгальд нь тавихгүй бол болохгүй, том болох тусам улам л ижил сүргээсээ тасарна” гэсэн учраас аргагүйн эрхэнд явуулах болсон. Гэтэл явсных нь дараа хоосон оргиод, нэг юм дутуу байгаа юм шиг санагдаж, хэд хоног их эвгүй өнгөрсөн.
-Буцаад ирэхэд нь баярласан байх даа?
-Тэгэлгүй яахав. Бөөн баяр болсон. Ямар сайндаа би “Болдог сон бол Борхүүдээ гэрчилгээ авахсан” гэж тоглож байхав. Саяхан би хот орчхоод ирсэн юм. Шөнө ирэхэд Борхүү хотон дотор хэвтэж байсан. Өглөө босоод хүүхэдтэйгээ ярьж байтал миний дууг таньчхаад л гүйж ирээд гэрээ маажаад байсан. Гараад боов, талх өгтөл бэлчээрт ч гараагүй, тэр өдрөө гэрийн хаяанд хэвтээд өнжсөн. Намайг хаяж явах гээд байна гэж бодсон юм шиг байгаа юм, өдөржингөө манасан.
-Өнгөрсөн өвөл тантай холбогдоход Борхүү боов, талх, чихэр, ёотонд дуртай гэж байсан. Том болсны дараа хоолонд нь өөрчлөлт орсон уу?
-Нэг их өөрчлөлт ороогүй. Одоо бол бэлчээрээр идчихдэг. Машинтай хүн болгон боорцог, чихэр өгсөөр байгаад дасгачихсан. Одоо бүр машин, тэрэг ирүүлэхээ больсон. Машинтай хүн ирэхээр л аав, ээжээ харж байгаа юм шиг л баярлаад давхиад оччихдог. Манайх энэ жил хүний хөлөөр тасраагүй. Борхүүг үзье гэсэн хүмүүс өдөр болгон ирдэг. Би ч Борхүүгээ мартах дуртай болохоор “Манайх Борхүүдээ залбираад л энэ айхтар ханиаднаас хол байна даа” гэдэг юм.
-Хоолных нь хэмжээ нэмэгдсэн үү?
-Нэмэгдэлгүй яахав, замбараагүй. Өгөөд л байвал цадахаа мэддэггүй. Анх манайд ирснийх нь дараа ямааны сүүгээр угжиж эхлэхэд төдийлөн дасахгүй 500 гр-ын саваар угжуулдаг байсан. Хоёр сарын дараа тэнхэрч, 2 литрийн саваар угжуулдаг байсан бол одоо 4, 5 литрээр уудаг. Сүүтэй цайнд их дуртай. Заримдаа гол руу очоод өөрөө усаа уучихдаг. Жүүс, ундаанд жигтэйхэн дуртай. Хааяа хүчээр гэрийнхээ хаалгыг онгойлгоод орчихдог. Тэгэхээрээ сүү ууна, тавагтай идээ нураана, толинд өөрийгөө харж зогсоно. Өөр буга гэж боддог юм шиг байгаа юм. Толинд өөрийгөө хараад толгойгоо хөдөлгөөд байдаг.
-Том болоход амьтны зан авирт өөрчлөлт ордог юм байна уу?
-Мал төллөх үеэр олдсон тул анх ирэхэд нь нөхөр бид хоёр дөнгөж төрсөн хурга, ишигтэй хамт нэг хашаанд оруулж байсан. Тиймээс Борхүү хонь, ямаанд их дасамгай. Зун хонь, ямаатай хамт бэлчээрт гардаг. Өөрийнхөө хонийг танина. Айлуудын хониноос өөрийнхөө хонийг таниад дагаад хүрээд ирдэг. Борхүүгийн маань эвэр нь ургаж, загатнаад кабелын дурангийн суурийг хугалчихсан. Манайх гэдэг айл хоёр сар гаруй зурагт үзээгүй/инээв/.Их дүрсгүй амьтан байгаа юм.
-Цаашдаа байгальд нь тавья гэж бодож байна уу?
-Дараа жилийн зун манайх ой модтой газар бууна. Тэр үед л дасгаж ой модтой газраар дагуулж явъя гэж бодож байгаа.
Эх сурвалж: Isee, MNB