Орхон аймгийн 17-р сургуулийн хана,тааз, шал цөмөрч аюултай нөхцөл байдал үүсжээ.
2017 онд ашиглалтад орсон уг барилгад хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр иржээ. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шөл цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.
Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тухай erdenetlife цахим хуудсанд мэдээлжээ. Дөрөвхөн жилийн настай барилга барьсан “Урагшлах”ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай сургуулийн удирдлага хэллээ.
Энэ асуудал дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлжээ.
“Газар хөдлөлтөнд биш бороонд цуураад хуваагдчихсан аж. Хүүхдийн сургууль шүү дээ. Газар хөдөлсөн бол шууд нурах нь байна. Г.э.м.т х.э.р.э.г шүү. Энэ барилгын зураг төслийг хийсэн, барьсан компанийн хүмүүст, төрийн талаас сонгон шалгаруулсан, хяналт тавьсан, комисст ажиллаж барилгыг хүлээж авсан албан тушаалтнуудыг холбогдох газарт нь өгч шалгуулж хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй.
Хөрөнгийг буцаан нэхэмжлэх хэрэгтэй. Тэгж байж барилгыг нүд хуурч барьж болохгүй юм байна, төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй гэдэг хариуцлагыг үлдээнэ шүү. Үүн дээр толгойг нь илбэл авлиrа хэзээ ч буурч, албан тушаалтнууд хэзээ ч хариуцлаrыг ойлгохгүй.” гэжээ.
Харин 17-р сургуулийн сурагчдийн эцэг эхчүүд “Тухайн хичээлийн байр цууралт өгөөд удаж байна. Хоёр жилийн өмнө л ан цав гарчихсан байсан. Эцэг эхчүүд болон багш нар байнга холбогдох газарт нь хандаж байсан боловч авч хэлэлцэхгүй байсаар өнөөдөр нурааж ахин барихаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэлээ.
Тэгвэл бид “Урагшлах” ХХК захирал Н.Гүнширтэй холбогдож энэ талаар тодруулахад, “Тус сургуулийн хичээлийн байрыг манай компани 2016 онд барьж Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн. Өмнө нь сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж хамар ханыг нь суулгасан. Сургуулийн өмнөх захирал Болдсүх ч мэдэж байгаа. Ус сувгийнхан ирж бөглөөг нь гаргахад шалан дороос нь их хэмжээний ус гарсан. Гэхдээ Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахад аль талынх нь буруу гэдэг нь тодорхой болно. Би нөхцөл байдлыг тодорхойлуулна” гэжээ.