
Цэдэнбал даргын ээж нь нэгэн зун Увсаас иржээ.
Тэгэхэд Чойбалсан гуай “Би өндөр настай ээжтэй чинь очиж золгох ёстой” гэж түүнд хэлж л дээ.
Тэгээд өдөр цайныхаа цагаар Цэдэнбал дарга Чойбалсан гуайг дагуулаад гэртээ очтол хөдөөний малчин ээж нь Чойбалсанг эхлээд таньсангүй.

Дараа нь нэрийг сонсоод чичрээд таг болсноо гэнэт сэхээ аваад хоёр бидон хүүдээ бариулаад “Ээж нь шинэ цай чананаа. Миний хүү усанд гүйгээд ир дээ” гэхэд Цэдэнбал дарга гутлаа тайлаад өмдөө шуугаад Туул гол руу хар хурдаараа гүйжээ.
Комиссарууд нь сандраад араас нь гарах гэхэд Чойбалсан гуай “Та нар сууж бай. Ээж нь хүүгээ явуулсан” гээд “Манай Цэдэнбал ээжийнхээ үгэнд ингэж орж байгаа юм чинь ард олноо сонсох л юм байна даа” гэж магтаад тэр өндөр настай хөгшинд 10 төгрөг, 2 кг чихэр барьж золгосон гэдэг.