Монголчуудын хэлж заншнаар “Ойн эмч буюу тоншуул” нь дэлхийд 230 гаруй зүйлийн тоншуул бүртгэгдсэн байдгаас Монгол оронд голдуу суурин амьдардаг хар тогшуурга, алаг, цоохор, буурал, хондлой цагаан тоншуур, гурван хумст овууна гэх мэт 6-7 зүйлийн тоншуул бий. Манай орны хамгийн том биетэй тоншуул бол Хар тогшуурга.
Тоншуул тэр болгон дуугараад дуулаад байдаггүй ба хоорондоо тоншилтын хугацаа давтамжаараа харилцдаг гэнэ. Тоншуул нь модны хооронд нисч харагдах хэдий ч ойр зуур цовхорч үсэрч явдаг.
Тоншуул модны их биед тогтож суугаад урт цүүцэн хошуугаараа модыг цоолно. Тоншуулын хөлний сарвууны хоёр нь урагш, хоёр нь арагшаа байрлалтай. Махир хумсаараа модноос зүүгдэж ширүүн өдтэй урт сүүлээрээ тулж суугаад модыг тоншдог онцлогтой. Энэ бүхнээс харахад түүний бие модонд амьдрахад ихэд зохицжээ.
Мод хөрөөдөхөд үртэс үсэрдэг шиг модыг тоншиход жижиг үртэснүүд үсэрдэг. Харин энэ үртсээс хамгаалсан нэмэлт зовхи тоншуулын нүдэнд бий. Тоншуулын хамрын нүх нь ч бас үртэс орохоос хамгаалсан үстэй байдаг аж.
Тэр холтосны цаана нуугдаж байгаа төөлүүр хорхой, өтийг чимээгээр нь олдог гэдэг. Тэгэхээр бас сонсгол сайтай байгаа биз. Модны холтсыг хошуугаараа нүхэлж урт хэлээрээ олсон хоолоо гаргаж иднэ. Түүний хэл хушуунаасаа нэг дахин урт байдаг ажээ.
Тоншуулын хэлний урт булчин мөгөөрс амны хөндийнөөс хамрын баруун нүхээр гарч толгойн ясыг ороож, хүчтэй цохилтын доргилтын үед гавлыг нь хамгаалдаг. Шавьжны авгалдайг наалдуулах буюу жадлан татаж авах ба хойш харсан жижиг өргөстэй байдаг.
Өдөрт уг шувуу 80-12000 удаа мод тоншиж нэг секундэд 20-25 цохидог. Нарийвчилбал, цохилтын хурд нь одоогийн автомат буунаас бараг 2 дахин илүү байх ба цохилт бүрээс тоншуулд өгч байгаа гравитацийн хүч (1000 g) сансар руу хөөрч байгаа сансрын хөлгийн нисгэгчийнхээс 250 дахин их гэж судлаачид тооцжээ.
Өөрөөр харьцуулбал, 80км/цагийн хурдтай явж байгаа машин хана мөргөхөд зорчигчийн биед үүсэхтэй адил хэмжээний хүчтэй доргилт авдаг гэж тооцоолжээ. Энэ хүргээд ой модыг аварч хэрэггүй өт шавжнаас нь салгадаг гайхалтай ач тустай шувуутай бид танилцаж дууслаа.