Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд байна. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байна. Тиймээс бид анхаарлын төвд ороод буй уг дууны эзэн, дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.
–Сайн байна уу. Таны “Нүдэн гоо” дууны клип сошиал орчинд шуугиан тариад байна?
-Би сүлжээгүй хөдөө газар явж байгаад өчигдөр сүлжээнд орж иртэл бөөн юм болсон байна. Хэзээнээс эхэлж сошиалд хэлэлцсэн юм бүү мэд. Сая л хараад сууж байна.
-“Нүдэн гоо” гээд энэ дуу нэлээд хэдэн жилийн өмнөх дуу шиг байсан. Клипээ саяхан хийсэн юм уу. Клипний утга санаа нь яг юуг илэрхийлсэн юм бэ. Сошиал орчинд шүүмжлэл нэлээд өрнөлөө?
-Клипийг нь карантины үеэр хийсэн юм. Тэгээд бэлэн болгосон байсныгаа сая хөдөө явахдаа фэйсбүүк дээрээ тавьчихаад гарчихсан юм. “Нүдэн гоо” гэхээр заавал нүдтэй холбоотой, дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ. Өмнө нь яахав дээлтэй, морь унасан бүсгүйчүүдтэй клип хийж л байсан. Тэгээд телевизүүд HD болоод миний “Нүдэн гоо” дууны хуучин клип чанарын шаардлага хангахгүй болсон. Тиймээс бодож байгаад шинэчилсэн. Энэ дууны шүлэг бол эмэгтэй хүний гоо сайхныг магтсан агуулгатай юм.
-Нүдний тухай дуу биш гэсэн үг үү?
-Яруу найрагч нь надад хэлэхдээ ганцхан нүдийг илэрхийлэхгүй шүү гэж захиж, хэлсэн юм. Тиймээс эмэгтэй хүний гоо сайхныг бүх талаас нь магтан дуулж, түүнийгээ клипээрээ харуулахыг хүссэн. Түүнээс биш буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, с а.д а.р с. а.м у у н сурталчлах гэсэн утга санаа, зорилго ердөө байхгүй. Гэтэл олон нийтээс нэлээд сөрөг хандлага, шүүмжлэл гарсан бололтой. Гэхдээ зөв талаас нь ойлгож, хүлээж аваасай гэж л хүсч байна.
-Таныг таних хүмүүс их ярьж байна уу?
-Их ярьж байна. Тэгээд амьхандаа интернет сүлжээтэй газар орж ирээд фэйсбүүк рүүгээ орж харлаа. Хүмүүс “Нүдэн гоо” гэхээр заавал нүдний тухай дуу байх ёстой гэж бодоод байх шиг байна. Уг нь шал ондоо хэлбэрээр хийе гэж бодсон клип юм.
-Зохиолын дуу гэхээр монгол ахуй харуулсан клиптэй байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байгаагаас болж байгаа байх л даа?
-Нийтийн дуу гэхээр дээл өмссөн бүсгүй, уурга барьсан залуу байх ёстой биш шүү дээ. Би залуу хүний хувьд арай өөр өнцгөөс бодсон юм. Гэтэл олон хүнийг бухимдуулаад хаячих шиг боллоо.
-Энэ дуу өмнө нь ямар клиптэй байсан юм бэ?
-2013 онд би анх дуулж байлаа. СУИС-ийн хоёрдугаар курст байхдаа хийж байсан дуу. Тэр жилдээ хөвсгөл далайд очиж клип хийж байсан. Хальт дүрс авсан төдий байсан. 2015 онд дахин шинэчлэхдээ “Тусгай салаа” киноны Хурцын дүр тоглодог залуу тоглоод, бас нэг фитнесийн тамирчин бүсгүй Хулан тоглож байсан. Тэгээд бүх телевиз HD форматтай болоод клип гологдсон учраас шинэ клип хийсэн нь энэ.
-Дууны клипэнд тоглосон эмэгтэй фитнессийн тамирчин юм билээ. Олон нийтийн зүгээс ямар хандлага гаргаж байгаа бол. Та ярьсан уу?
-Би хөдөө сүлжээгүй газар байсан учраас ярьж амжаагүй байна. Тэр эмэгтэйн буруу гэж юу байх вэ. Би санал тавиад тоглуулсан юм Б.Сугарсүрэн бол бодибилдинг, фитнессийн тамирчин хүн. Анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй.
-Та СУИС хэзээ төгссөн бэ. Уран бүтээл арвин уу?
-Би 2015 онд СУИС-ийг төгссөн. 2012 онд энэ дуугаа хийсэн. Урын сандаа 12-13 дуутай. Уран бүтээлчийн ажлаа хийгээд л явж байна.
Эх сурвалж: Eguur.mn