
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын парадын үеэр жагсаалд байсан алба хаагч ухаан алдаж унасан, нас барсан гэх ташаа мэдээллүүд гарсан. Тэгвэл жагсаалд зогсож байсан алба хаагч Г.Буянбат өөрийн цахим хуудаснаа албан ёсны мэдээлэл хийжээ.
Шинэ өдрийн мэндээ. Шинэхэн аав бас нөгөө өчигдрийн шуугиан тарьдаг хүн байна аа. Шуугиан дэгдээж хүмүүсийн сэтгэлийг зовоосонд бас уучлал хүсье. Нөгөө талаас аав болоод баярлаж байгаа намайг бурханы оронд явуулсан хэвлэлийнхэнд хөнгөн гомдсон. Олон хүн асууж бас сэтгэл нь зовсон байна лээ. Миний хувьд ёстой хүндхэн хөгтэй явдал гэдэг л боллоо.
Өчигдөр цэргийн хүний ёсоор ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллаанд оролцсон. 12.26 минутын үед манай эхнэр над руу залгасан юм. Эхнэр маань бие давхар байсан болохоор дуудлага бүрийг нь алдахгүй авахыг хичээдэг юм. Том гар утас жагсаалын хувцсанд авч явахад боломжгүй байсан тул жижиг утсанд симээ хийчихсэн байсан юм.
Тухайн үед хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ эхлээгүй байсан тул эхнэр маань хэд хэдэн удаа залгахад утсаа авчихсан юмаа. Тэгсэн эхнэр маань хайраа өвдөөд байна гээд хэлэхэд нь би гэдэг хүн сандарчихсан. Сандарсандаа утсаа унагаад , унасан утас нь таг батерай гээд хэдэн тийшээ салаад явчихсан.
Нөгөөхөө хамах хооронд л шуугиан таригч, бас бурхны орон заларчихсан. Хамт жагсаж байсан найзууд маань ч хүн унаж байхад авсангүй, хүн чанаргүй гэж баахан хэлүүлээд авах шиг боллоо. Хүн яагаачгүй юм чинь тэр хүмүүс эргээд харах нь зөв ш дээ. Сошиалаар ингээд шуугиад байхаар нялх биетэй эхнэр маань ч санаагаа чилээгээд байх юм.
Энэ дашрамд дурдахад эхнэр бид хоёрыг төрх эмнэлэг дөхүүлж, замын ачаалал зохицуулж өгсөн хоёр цагдаад маш их баярлалаа.