АНУ-ын иргэн, хавчны анчин 56 настай Майкл Пакард өнгөрсөн Баасан гарагийн өглөө Кэйп Кодын эргийн ойролцоо далайд шумбаж яваад аварга халимны аманд оржээ.
Далайд 14 метрийн гүнд шумбаж байхад нь гэнэт бүх зүйл харанхуйлсан тухай Пакард өчигдөр эмнэлгээс гарсныхаа дараа орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Эхлээд тэр өөрийгөө аварга загасанд бариулсан гэж боджээ. Гэвч биед нь ямар нэг хазалт, өвдөлт мэдрэгдээгүй гэнэ. “Тэгээд би өөрийгөө халиманд залгиулж байгааг ойлгосон. Үхэхийнхээ өмнө эхнэр, хүүхдүүдээ л бодож байлаа” гэж Пакард ярьжээ. Хүчилтөрөгчийн аппараттай шумбаж байсан тул халимны аманд 30 секунд байхдаа тэр хэвийн амьсгалж байсан гэнэ.
Гэтэл азаар халим далайн мандалд хөвж гараад амнаасаа Пакардыг нулимж орхисон байна. Пакардын хөл шалбарснаас өөр ямар нэг гэмтэл илрээгүйг Кэйп Кодын эмнэлэг мэдээлжээ. Хүн, халим хоёр ингэж тулгарах тохиолдол маш ховор болохыг орон нутгийн судлаачид баталсан байна.
Пакардыг амандаа хийсэн бөгтөр халим нь 12-16 метр урт биетэй, 25-30 тонн жин хүрдэг. Энэ аварга амьтан хүн рүү довтолдоггүй бөгөөд загасаар хооллох явцдаа санамсаргүй Пакардыг амандаа хийсэн байх гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Associated Press