Та бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсөөд удаагүй байгаа билээ.Тэгвэл ямар учир шалтгааны улмаас биднийг орхиж явсан бэ гэвэл жүжигчин маань бидний нэрлэж заншнаар Астма буюу гуурсан хоолойн багтраатай байжээ. Энэ нь жижиг ханиад хүрсэн ч маш далайцтай тусаж хүндэрдэг хэлбэрийн өвчин юм.
Тиймээс та ч бас хайртай хүмүүсдээ анхаарал хандуулж сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Монголын одоогийн нөхцөл байдал шинжилгээ өгсөн 5 хүн тутмын 1 нь халдвар авсан гэх тоо баримт биднийг угтаад байна.
Л.Дэмидбаатар нь 1970 оны 12 сарын 22-нд төрсөн бөгөөд өдгөө 51 настай байсан ба Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн жүжиглэх ур чадварын багшаар олон жил ажиллаж олон шилдэг жүжигчдийг төрүүлсэн гайхалтай багш байсан. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр:
– “Хойч үеийнхээ халааг бэлдэнэ гэдэг ариун мөртлөө нэр төртэй, бас хэцүү алба байдаг юм байна. Зөвхөн жүжигчнээ хийгээд хар толгойгоо бодоод явахад нэг өөр. Хүний хүүхдийг хүн болгох, сайн уран бүтээлч төрүүлнэ гэдэг амаргүй. Багш хүн шавь нарынхаа төлөө байнга санаагаа чилээж суудаг юм байна. Гэхдээ би их азтай.
Надаас сайн шавь нар төрөн гарсан. Миний шавь нар жил бүр “UBS” телевизээс зохион байгуулдаг “Орших уу эс орших уу” шоунд удаа дараа түрүүлж байлаа. Зарим нь мэргэжлээрээ гадаадад сурч байхад нэг хэсэг нь Монголынхоо театрт ажиллаж байна. Сайн уран бүтээлч төрж гарна гэдэг нь Монголын урлаг, театрт хэрэгтэй. Тийм болохоор миний баяр баясгалан, бахархал бол шавь нар минь юм даа.” гэж ярьж байжээ.
Мундаг жүжигчин маань 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол улсын гавьяат цол хүртсэн байдаг. Тэрээр театрын урлагт хөл тавиад 33 жил болжээ. Жүжигчин Л.Дэмидбаатар энэ хугацаанд 80 орчим жүжиг, 10 гаруй сонгодог уран бүтээл, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон билээ.
Энэхүү харамсалтай мэдээг сонсоод Монголын ард түмэн тэр чигтээ гашуудаж байна. Түүний Гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.