
Үзэгчид түүнийг орчин цагийн Гамлет хэмээн нэрийдэж, гавьяат цолоор энгэрээ мялаах цаг аль хэдийн болсон гэж үнэлдэг. Үе үеийн найруулагч түүнд гол дүр оногдуулсаар ирсэн нь ур чадвар, чанар чансааг нь төвөггүйхэн илтгэх шиг. Гэвч “Би чадлаа” гэж хашхирч яваагүй даруухан эрхэм бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугарын хүү Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ. Тэрбээр цэл залуу нас, авьяас билэг, сэтгэл зүрхээ драмын урлагт зориулсаар яваа нэгэн. “Надаар тоглосон хайр”, Би ч гэсэн жаргамаар байна”, “Атга нөж”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Гамлет”, “Дон Кихот” зэрэг Монголын төдийгүй дэлхийн олон арван шилмэл жүжгийн дүрээр амьдарч, асаж дүрэлзэж, бөхийж, тэмцэж, ялан дийлэгч хүмүүн билээ. Тайзны төдийгүй 30 шахам дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, түүнээ үзэгчдийн сэтгэлд хоногшуулсан авьяаслаг жүжигчин.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүнд төрийн дээд одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ. Түүнд халуун баярыг хүргэе. 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцсан ярилцлагыг танд хүргэж байна.
-Дэлгэцийн уран бүтээлчид ихэвчлэн бүтээсэн дүрээрээ нэрлэгдээд байна уу гэж анзаарагддаг юм. Харин таныг үзэгчид орчин үеийн Гамлет гэж нэрлэдэг юм билээ. Жүжигчин хүнд бүтээсэн дүрээрээ овоглуулахаас илүү шагнал үгүй байх?
-Ардын жүжигчин А.Очирбат агсан гэхэд Итгэлт баяны дүрээр Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. Бид тийм хэмжээнд хүртлээ ажиллах хэрэгтэй л дээ. Ер нь жүжигчний зорилго дүр бүтээх шүү дээ. Хэрвээ уран бүтээлийнхээ дүрээр нэрлэгдэж, танигдсан бол тухайн жүжигчин тэрхүү дүрийг сайн бүтээж л гэсэн үг. Жүжигчин хүн насан туршдаа хөдөлмөрлөхдөө гарын таван хуруунд багтахуйц маш цөөхөн дүр бүтээдэг. Тоглосон дүр гэвэл олон. Дүр бүтээнэ гэдэг тийм л хэцүү. Нээрэн л ийм хүн байдаг даа гэмээр, тэр хүн яг амьдрал дээр байгаа мэт хүний сэтгэлд буух дүр бүтээхэд жүжигчин хүнээс их зүйл шаарддаг. Насан туршдаа тийм дүр бүтээж чадахгүй ч байж магад. Кино урлагийн давуу тал нь илүү хүртээмжтэй. Тухайн кино нэгэнт бэлэн болчихвол кино театр, цахим орчин, телевизээр дамжин олон нийтэд хүрдэг. Хэдэн арван жилийн дараа ч гарсаар л байна. Гэхдээ дүр дээрээ дутуу ажиллачихвал засаж болохгүй учраас бас хэцүү. Хожим киногоо үзэх бүрдээ халаглаад л өнгөрөхөөс өөр замгүй. Мянга давтаж гаргаад ч хүний сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Харин драмын жүжиг тоглолтоос тоглолтод шинэчлэгдэж, сайжрах боломжтой. Гэхдээ 10, 20 жилийн өмнө тоглосон жүжгийнхээ дүрд би одоо тоглох боломжгүй байх жишээтэй. Энэ мэт ялгаа бий.
-Урлагийн гэр бүлд төрж өссөн болохоор багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байв уу?
-Аав минь найруулагч, багш хүн. Зургаан жилийн өмнө бурхны оронд одсон. Ээж, эгч хоёр жүжигчин, ах хөгжим тоглодог. Ингээд харахаар миний урлагт хэр ойрхон өссөн маань тодорхой биз. Аялан тоглолтоор хөдөө явахад нь аав ээжийгээ дагаад явна. Мундаг жүжигчдийн сургуулилалтаа хийж байгааг нь харж өслөө шүү дээ. Гэрт дандаа л кино, жүжиг, урлагийн тухай яриа өрнөнө. Гэхдээ яг үнэндээ би жүжигчин болъё гэж бодож байгаагүй. Арван жилээ төгсөөд мэргэжил сонгох болоход ээж маань намайг жүжигчин болохыг зөвлөсөн. Би өөрөө наймаа хийж бизнес эрхлэх сонирхолтой байлаа. Гэхдээ ээжийнхээ зөвлөгөөг дагасан. Нөгөөтэйгүүр, миний өссөн орчин нөлөөлсөн болов уу. Урлаг гэдэг тийм л аугаа. Үргэлж сонсож, үзэж харж байгаа учраас миний сэтгэлгээнд нөлөөлсөн хэрэг. Ээж намайг консурст бэлдэж, шүлэг, дуу, этюд гээд бүх зүйл дээр ажиллаж, “Миний хүү жүжигчин болж чадна” гэдэг итгэлийг өгч, хөглөсөн.
-Та найруулагч аавын жүжигчин хүү. Мөн аавынхаа шавь нь. Аав нь танд юу гэж захиж сургадаг байв?
-Аав минь найруулагч төдийгүй Соёл урлагийн их сургуулийн багш хүн байв. Мөн миний мэргэжлийн ангийн багш байсан. Аавынхаа шавь нь болчихоор эхэндээ их сонин байдаг юм билээ. Сургууль дээр “ А аваа гэж ” дуудах хэцүү, “Багшаа ” гэж дуудна гэхээр нэг л эвгүй. Гэхдээ яваандаа дасчихсан. Жүжигчний ангид ур чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн гэж гол гурван хичээл байдаг. Аав ур чадварын хичээл заадаг байсан. Тэгэхээр миний тоглолтын арга барил ааваас улбаатай гэж хэлж болно. Миний урлагийн төдийгүй амьдралын багш, хамгийн том нөмөр нөөлөг минь байлаа. Мэдээж, эцэг хүн хүүгээ зөв яваасай, сайхан амьдраасай л гэж хүснэ. Түүний төлөө зам мөрийг нь чиглүүлнэ. Тэгэж захиж билээ гэж онцолж хэлэх зүйл алга. Аав хүний үг бүр сургаал байдаг болов уу. Мөн энэ жүжигт аавын шавь Т.Бархүүтэйгээ хамтарч ажиллаж байна. Энэ ярилцлагаар дамжуулаад амжилт хүсэж байгаагаа дуулгая. Аавынхаа шавь нарыг амжилттай, сайн сайхан явааг харах бахархалтай байдаг. Аав миний урлагийн төдийгүй амьдралын багш, хамгийн том нөмөр нөөлөг минь байлаа. Тэгэж захиж билээ гэж онцолж хэлэх зүйл алга. Аав хүний үг бүр сургаал байдаг болов уу.
-Хүмүүс аз жаргалыг хайж зовж, шаналж явсаар үхдэг ч юм шиг. Таныхаар аз жаргал гэж юу юм бол?
-Харин тийм ээ. О.Дашбалбар гуайн “Аз жаргалыг хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор. Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор…” хэмээх мөрт бүхий “Амьддаа бие биенээ хайрла” гэж сайхан шүлэг байдаг шүү дээ. Ерөөс хар бол бүхний үндэс юм. Манай жүжигт ч энэ тухай өгүүлнэ. Ном зохиолуудад зовлон бол мөнхийн зүйл. Үүнийг яаж гэтлэх вэ гэдэг л чухал тухай бичсэн байдаг. Хэн нэгнийг хариу нэхэхгүйгээр хайрлаж, хүмүүст хайр түгээвэл эргээд хүмүүс чамайг хайрлана. Аз жаргал эндээс л урган гардаг байх.