
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж байна. Тэрээр өчигдөр хоёр дахь өдрөө давж, оозэки цолтой бөхийг давсан байна.
Ингээд түүнээс сэтгүүлч барилдааных нь талаар тодруулахад, “Ахыгаа уурлуулахгүйн тулд сайн барилдмаар байна” хэмээжээ. Энэ талаар Япон хэлний орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.
Дагвадорж аваргын хувьд 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат түүнд шингэсэн байв.
Дагваагийн анхны түрүү бол сүмод элсэж орсон 1999 оны 5 дугаар сарын башё байв. Жонидан зиндаанд ганц ч уналгүй долоо давж түрүүлэн, дараа сард нь санданмэд дэвшин түрүүлж, улмаар макүшита зиндаад орж гялалзсан амжилт үзүүлж байв. Амжилт үргэлжилсээр 2000 оны 9-р сард жүрёод барилдан, 2001 ондоо дээд зиндаанд гарч иржээ.
Хамгийн анх Японы мэргэжлийн сүмод Д.Батбаяр, Н.Цэвэгням тэргүүтэй бөхчүүд ирж байсан. Дараагаар нь очсон Дагваа, Дашням зэрэг дүү нартаа дэг журам, зан заншил гээд ихээхэн зүйлийг зааж өгсөн гэдэг.
2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 дахь их аварга болж нэгэн шинэ хуудсыг нээжээ. Их аварга цол хүртэн эзэн хааны цомыг гардахын өмнө монголоор мэндчилж, баярын нулимс унагасан нь монголчуудад тодхон санагдаж байгаа биз ээ.
Аваргын халааг авсан Бямбасүрэндээ шинэ үеийн шинэ аварга болж түүхийн шинэ хуудсыг нээгээсэй хэмээн маш том амжилтыг хүсье.