
iOs үйлдлийн систем дээр хэрэглээнд нэвтэрснээс жил гаруй хугацааны дараа Clubhouse аппликейшн андроид хувилбараа гаргалаа.
Одоогоор зөвхөн АНУ-д хэрэглээгээ нэвтрүүлж буй Clubhouse-ын андроид хувилбар тун удахгүй бусад улс орнуудад нээлттэй болно гэж мэдээллээ.
Үүнээс өмнө хэдэн долоо хоногийн турш хэрэглээнд нэвтрүүлж хэрэглэгчдийн саналыг сонсон засвар хийж шаардлагатай байгаа аж. Аппликейшн “Google Play store”-т тавигдсан ч зөвхөн уригдаж байж ашиглах шаардлага хэвээр үйлчлэх юм.
ЭНЭ АПП-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Юуны түрүүнд апп-ийг илүү сонирхолтой, онцгой болгож буй зүйл нь апп татсан хэн бүхэн хэрэглэгч болох боломжгүй явдал. Бүртгэлтэй хэрэглэгч болохын тулд танд хэдийн хэрэглэгч болсон нэгний урилга хэрэг болно. Нэг хэрэглэгч хоёр хүртэлх хүнд урилга явуулж болох бөгөөд апп-аа хэрэглэх тусам урилга явуулах эрх нэмэгдэх зарчимтай. Энэ нь аль болох олон хэрэглэгч татахыг урьтал болгодог “уламжлалт” сэтгэлгээг эвдсэн сонирхолтой арга болсон нь тодорхой. Яах аргагүй ормоор санагдуулж байгаа биз?
Технологи, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, бизнес, спорт гээд өргөн хүрээг хамрах түмэн зүйлийн сэдэв бүхий хэлэлцүүлгийн өрөөнүүд энд бий. Танд ямар нэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, салбарын нэр хүндтэй төлөөллүүдийн бодол санаа, яриаг сонсох хэрэгцээ байгаа бол даруй уг апп-ийг ашиглаад үзээрэй. Төрөл бүрийн сэдвээр нээлттэй ярилцах мянга мянган онлайн өрөөнүүдэд та шууд нэвтэрч олон улсын хэрэглэгчидтэй хүссэн сэдвээрээ, дуу хоолойгоороо чатлах, сонордох боломжтой. Мөн өөрийнхөө найзуудтайгаа хувийн өрөө үүсгэх ч сонголт бий.
Цар тахлын үе эхлэхтэй зэрэгцэн нээлтээ хийсэн ч, сүүлийн сар гаруйхан хугацаанд хэрэглэгчдийн тоогоо ойролцоогоор 20 дахин нэмэгдүүлж, өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчдийн хүрээг бий болгож, компанийн үнэлгээгээ нэг тэрбум ам.долларт хүргээд байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Анх салбарын нөлөө бүхий хүмүүс, нөлөөлөгч (influencer), олны танил гэх мэт цомхон хүрээнээс эхэлсэн уг апп одоо өсөлтийнхөө чухал үе дээр ирээд байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт цэнхэр гараг дээрх хамгийн баян хүн болох Элон Маскийн удирдсан өрөөнд нэг өрөөнд зөвшөөрөгдөх хамгийн их тооны буюу таван мянган сонсогч орсон нь апп-ий шинэ дээд амжилт болжээ. Хамгийн сонирхолтой нь уг нүсэр платформын ард арваадхан тооны хүнтэй баг ажилладаг нь анхаарал татаж буй сэдэв болоод байгаа юм.
Энд ДАРЖ татаарай. Эхлээд татаж авах захиалгаа өгөх ба та register дарж бүртгүүлэх юм байна шүү.