Нефтьтэй, нүүрстэй, байгалийн баялагтай, тал сайхан нутагтай Дорнод аймгийнхны ахуй амьдрал бусад аймгийнхнаас ялгараад байхааргүй. Харин тус аймгийн дарга нар өмнөд хөршийн бүдүүн дарга нартай сайн харилцаатай, үе үе хил даван наргиад ирсэн тухай дуулддаг. Хятадын аймаг мужуудтай дотно холбоотой Дорнод аймагт хятад дарга нар үе үе бэлэг гардуулж, тэр нь шуугиан дэгдээх нь бий.
Өнгөрсөн жил хятадууд Дорнод аймгийн цагдаагийн алба хаагчдад хятад ханз үсэгтэй цагдаагийн форм бэлэглэж, үүнийг нь харсан иргэд эсэргүүцэн цагдаагийн удирдлагууд тайлбар өгч байсан цаг саяхан. Гэтэл Дорнодод ханз үсэгтэй нэгэн хөшөө дурсгал нэмэгдэж. Дорнодчууд хятад ханз харсаар байгаад дассан бололтой. Харин Улаанбаатар хотод оршин суудаг, Дорнодын уугуул хүү “Ньюанс” хамтлагийн ахлагч М.Амараад энэ хөшөө таалагдсангүй. Ганц дуучин Амараа биш, харсан хүн бүхний сэтгэл сэрхиймээр.
“Энэ одоо бүтээн босгоод байна уу? Бүтээн босгуулаад байна уу? Хөрөнгө оруулж хувь нэмэр оруулж байгаа бол тухайн улс орны үндсэн хэлээр тухайлбал Монгол хэлээр тод томруун бичих ёстой атал Хятад үг үсгээр ийм юм бичих шаардлага байгаа юм уу? Нэг өдөр очиход минь Дорнодын бүх гудамжнуудыг ханз үсгээр бичсэн байж байхвий дээ !!! Бялдуучилж, зусардаж, ая тал засаж амьдрах ч тийм сайхан ч зүйл биш дээ. Тэр тусмаа Хятадуудад !!! Энэ бол Монголын газар нутаг!” гэж бухимдсан “Нюанс” хамтлагийн ахлагч, дуучин Амараа санал бодлоо илэрхийлжээ.