Home Дэлхий Энэтхэгийн хямрал дэлхий нийтийн асуудал болох нь хүмүүс амьтад шиг үрэгдэж эхэллээ

Энэтхэгийн хямрал дэлхий нийтийн асуудал болох нь хүмүүс амьтад шиг үрэгдэж эхэллээ

5 second read
0
0
401

Энэтхэгт нүүрлээд буй Ковиын хямралын талаарх ВВС агентлагийн нийтлэлийг хүргэж байна.

“Би хэзээ ч ийм аймшигтай зүйл өмнө нь харж байсангүй. Энэтхэгийн нийслэлд ийм зүйл тохиолдож байгаад итгэхгүй байна. Хүмүүс яг л амьтад шиг үрэгдэж байна” хэмээн чандарлах үйл явцад оролцож буй нэгэн иргэн ВВС агентлагт ярьжээ.Энэтхэгийн гамшгийн нөхцөл байдал бусад улс орнуудад нөлөөлж, дэлхий нийтийн асуудал болох юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж эхэлжээ.Коронавирусний дэгдэлтээс болж Дели хотын эмнэлгүүд ачааллаасаа хальж, долоо хоногийн турш өдөр бүр илрэх халдварын тохиолдол хамгийн дээд түвшинд хүрээд байна.

Түүний зэрэгцээ Хятад, АНУ, Баруун Европын ихэнх улс орнууд, Африк, Зүүн Өмнөд Азийн зарим улсаар сүүлийн долоо хоногт нас баралт буурчээ. Зарим улс орнууд хөл хорионы дэглэмээ султгаж, зарим нь бүрэн цуцалсан байна. Европын холбоо энэ зунаас вакцины бүрэн тунгаа хийлгэсэн америкчуудыг нэвтрүүлэх боломжтой болсноо дуулгав. Гэвч Энэтхэгийн гамшгийн нөхцөл байдал бусад улс орнуудад нөлөөлж, дэлхий нийтийн асуудал болох юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж эхэлжээ.

ЭНЭТХЭГИЙН ХЯМРАЛ

Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгт нас барсан хүмүүсийн өдөр тутмын статистик тоо хэдэн зууд багтдаг, шинээр илрэх тохиолдлууд 12 мянга орчим байсан бөгөөд хүмүүс энэ улс цар тахлын таагүй нөхцөл байдлаас зайлсхийж чадах нь хэмээн найдацгааж байв.Коронавирусний эхний давлагааны оргил үед өдөрт дунджаар 93 мянган хүнээс халдвар илрүүлж байсан бөгөөд энэ тоо 2-3 дахин өснө гэж төсөөлөөгүй ажээ. Гэвч дөрөвдүгээр сарын 17-ноос хойш өдөр тутмын статистик тоо огцом өсөж 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн долоо хоногт өдөр бүр 350 мянгаас дээш тооны хүнээс халдвар илрүүлж байна.Эмнэлэг ачааллаа дийлэхээргүй нөхцөл байдал үүсвэл аврагдах боломжтой байсан хүмүүс хүртэл амиа алддаг гэжээ. Нас баралтын түвшин ч мөн хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт өдөрт дунджаар 2336 хүн нас баржээ.

“Эрүүл мэндийн сайн тогтолцоотой газарт ч Ковид-19 хүнийг үхэлд хүргэж болох аюултай өвчин. Гэхдээ эмнэлэг ачааллаа дийлэхээргүй нөхцөл байдал үүсвэл аврагдах боломжтой байсан хүмүүс хүртэл амиа алддаг” гэж BBC-гийн сурвалжлагч Жеймс Галлахер хэлсэн байна.

Өдгөө хамгийн таагүй хүнд нөхцөл Дели хотод үүсээд байна. Эмнэлгүүдэд нь амьсгалын аппараттай ор үлдээгүй ажээ. Эмнэлгүүд өвчтөнүүдийг хүлээн авахаас татгалзахаас өөр аргагүй байдалд орж, хүчилтөрөгчийн нөөцгүй болсноор хүмүүс амиа алдаж байна. Халдвар авсан хүмүүсийн хамаатан саднууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүчилтөрөгчийн маск, амьсгалын аппарат хайж эхэлсэн бөгөөд эмнэлгүүдээр сул ор олохыг хичээх аж. Лабораториуд ачааллаа дийлэхгүй, нэг шинжилгээний хариуг гаргахад гурав хоног зарцуулж байгаа нь мөн асуудал үүсгэж байна. Чандарлах газрууд ч мөн 24 цагаар ажиллах болжээ. Бусад томоохон хотууд ч Делитэй ижил нөхцөл байдалтай байна. Албан ёсны статистик мэдээгээр Энэтхэгт цар тахал эхэлснээс хойш бараг 17 сая хүн өвчилж, 192 мянган хүн нас баржээ. Гэхдээ шинжээчдийн дүгнэлтээр эдгээр тоонууд бодит байдалтай таарахгүй байх магадлалтай гэж үзэж байна. Тус улсын асар олон хүн ам, тэдгээрийн байнгын хөдөлгөөн нь Ковид-19-ийн үр дүнтэй шинжилгээ хийх, мөн нас баралтын түвшнийг бодитойгоор тооцох боломж олгодоггүй аж. Тиймээс Энэтхэг дэх хямралын цар хүрээг багцаалдан тооцоолж байгаа гэнэ.

НӨХЦӨЛ БАЙДАЛ МУУДАХ УУ

Энэтхэг улс халдварын тархалтыг нэг шөнийн дотор зогсоож чадсан ч олон хүн хэдийн халдвар авсан тул нас барагсдын тоо өссөөр байх болно.

“Харамсалтай нь ойрын хэдэн долоо хоногт байдал улам дордох болно. Дэлхий нийтээрээ сургамж авцгаасан. Одоо халдварын тархалт ингэж өргөн хүрээтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалаад хэдэн долоо хоногийн дараа нас баралт дагаад нэмэгдэнэ” гэж шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч Галлахер анхааруулжээ. “Энэтхэг улс халдварын тархалтыг нэг шөнийн дотор зогсоож чадсан ч олон хүн хэдийн халдвар авсан тул нас барагсдын тоо өссөөр байх болно. Халдварын түвшин тогтворжих шинж тэмдэг алга. Гэхдээ цаашдаа хэр их нэмэгдэх нь хатуу хөл хорио тогтоох, вакцинжуулалтын цар хүрээнээс шууд хамаарна” гэжээ. Энэтхэг улс шинээр илрэх халдварын тохиолдол, нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэггүй. Нэг сая хүнд ногдох нас баралтын түвшнээр авч үзвэл Энэтхэгийн нөхцөл байдал хамгийн муудаа орохгүй. Харин Европ, Латин Америкийн олон оронд энэ үзүүлэлт хамаагүй өндөр байгаа юм. Гэхдээ Энэтхэгийн хүн ам, халдварт өвчний гэнэтийн энэ үсрэлт нь ноцтой асуудал үүсгэж эхэлжээ.

“Эрүүл мэндийн салбар нь өнөөгийн нөхцөл байдлыг даван туулах чадваргүй болж, өвчлөл улам бүр нэмэгдсээр буй ийм нөхцөл байдлыг бид хэзээ ч харж байгаагүй” гэж Физик, биологийн профессор, халдварт өвчний загварчлалын мэргэжилтэн Готам Менон ярьсан байна. Эрүүл мэндийн тогтолцоо нь нуран унаснаар хүмүүс янз бүрийн шалтгаанаар олноороо нас барж байгаа бөгөөд тэдгээр тоо баримтыг ковидын статистикт оруулахгүй байгаа аж. Энэтхэгийн эмч эмнэлгийн ажилтнууд маш олон хүнд тусламж үзүүлэх шаардлага гарч байгаа учраас маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа аж. Гэвч олон хүн эрүүл мэндийн үйлчилгээ ч авах боломжгүй нөхцөлд байгаа юм.

ЭНЭТХЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЛХИЙ ДАХИНД НӨЛӨӨЛӨХ НЬ

Цар тахал бол дэлхий нийтийн асуудал. Цар тахлын эхний өдрүүдээс л эрдэмтэд, эмнэлгийн мэргэжилтнүүд орчин үеийн эдийн засаг, тэр дундаа агаарын тээвэрт суурилсан даяаршлын энэ цаг үед коронавирус нэг улсаас нөгөө рүү хэрхэн шилжин тархаж байгааг ажиглаж байв. Аялалын хязгаарлалт хийснээр өвчний тархалтыг тодорхой хэмжээнд хумихад тусалсан ч тодорхойгүй хугацаагаар хилийг хаах боломжгүй. Тиймээс одоо Энэтхэгт болж буй үйл явдал дэлхийн бусад улс орнуудад нөлөөлөх нь дамжиггүй. “Цар тахал нь нэг улсын асуудал биш нийтийн асуудал гэдгийг бидэнд ойлгуулсан. Хятадын нэг хотод гарсан коронавирус одоо хаа сайгүй тархаад байна. Тиймээс халдварын тархалт Энэтхэгээс гарах магадлалтай учраас тус улстай агаарын хилээ хаагаад байна” гэжээ. Вирусийн шинэ хувилбарууд гарч ирэхэд өвчлөл ихтэй орчин хамгийн тохиромжтой байдаг аж.

ЭНЭТХЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ШИНЭ ХУВИЛБАР ҮҮСЭХ ОРЧИН БОЛЖ БАЙНА

Энэтхэгийн амьдралын нөхцөл байдал Ковид-19-ийн шинэ хувилбарууд бий болгоход түлхэц болж байгаа бөгөөд энэ нь вирусний эсрэг тэмцэлд гарсан амжилтад аюул учруулж болзошгүй байна. “Энэтхэгийн хүн амын нягтрал нь вирус мутацлагдах нөхцөл болж байна” гэж Кембрижийн Их сургуулийн клиник микробиологийн профессор Рави Гупта хэлжээ. Хэрэв вирус мутацлагдах тохиромжтой нөхцөлд хангалттай удаан хугацаанд байлгавал дэлхийн цар тахал эрс сунжирч, бүр ч найдваргүй болох боломжтой аж. Хэрвээ тийм хэмжээнд хүрвэл вакцин хийлгэсэн хүмүүс ч гэсэн халдвараас хамгаалагдахгүй гэжээ.

Их Британи, Бразил, Өмнөд Африкт гарч буй шинэ хувилбараас болж олон улс томоохон бэрхшээлтэй тулгарч, дэлхий даяар хурдацтай тархаж байна. Профессор Менон Энэтхэгт вирусний өөр өөр хувилбар байж болохыг анхааруулжээ.Вирусүүд мутацид орсоор байгаа бөгөөд, вакцин хийлгэсэн эсвэл өмнө нь өвчлөөд дархлаа тогтсон хүмүүсийн дархлаанаас зугтах арга замыг эрэлхийлсээр байх болно гэж профессор Менон үзэж байна.Тиймээс дэлхийн нийтээрээ Энэтхэгт тусламж дэмжлэг үзүүлж эхэллээ.

Эх сурвалж: ВВС

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…