Home Дотоод мэдээ О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН ТӨР КOВИДЫН ӨМНӨ ГАРАА ӨРГӨӨД БУУЖ ӨГСНӨӨ ИЛ ТОД ЗАРЛАСАН ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨЖ БАЙНА

О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН ТӨР КOВИДЫН ӨМНӨ ГАРАА ӨРГӨӨД БУУЖ ӨГСНӨӨ ИЛ ТОД ЗАРЛАСАН ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨЖ БАЙНА

12 second read
0
0
368

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Энэ долоо хоногт чуулган хуралдаагүй, байнгын хороод хуралдахгүй байхаар байна. Ямар шалтгаантай вэ. Ковидын нөхцөл байдал парламентын үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүртэл хүндэрчихэв үү?

-Эрх баригчид ковидын өмнө, өөрсдийнхөө явуулсан буруу бодлогынхоо үр дагаврын өмнө аль хэдийнэ гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна. бид бүгд санаж байгаачлан гурван сарын өмнө тухайн үеийн Ерөнхий сайд, намын дарга нь бууж өгснөө зарласан. гардаж байлдана, бүсэлж дайрна гэж ердөө хоёр, гурван сарын өмнө амлаж байсан ч эхний асуудалтайгаа тулгарангуут л шалтаглан “фронтоо” хаяад зугтчихсан шүү дээ. алх барьсан хүнд асуудал болгон хадаас болж харагддаг гэж нэг үг байдаг. яг түүн шиг сэлэм бариад дайрахаар асуудлын шалтгаантай нь биш, харагдах хэлбэртэй нь ноцолдож, хариуцсан хүмүүсийг нь л “цавчаад” дуусдгийг бид хангалттай харлаа. тушаал, шийдвэр биелүүлж байсан анхан, дунд шатны олон хүмүүсийг өнгөрсөн жилүүдэд “цавчих” шиг боллоо. бараг гурван жил хагасын турш камер бүрийн өмнө хүн загнаж, уулзалт, хурал болгон дээр хөмсгөө зангидан ширээ алгадаж, “сэлэм” эргүүлж, алга ташуулан уухай хашгируулсан ч нийгэмд бугшаад байсан олон асуудлаас алиныг нь ч эрх баригчид шийдэж чадаагүй. өмнөх Ерөнхий сайдаас одоогийн Ерөнхий сайдад төрөх эмнэлэг, эмнэлгүүд, цэрэг цагдаа, цэцэрлэг сургууль, түлш эрчим хүч гэх мэт салбар бүрийг тойрсон “хур асуудлууд” ямар ч шинэчлэл, ахицгүйгээр бараг улам дордоод өвлөгдөж үлдсэн.

-Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Төр засгаас хэрэгжүүлж буй ковидын тархалтыг хумьж авах, эдийн засгаа сэргээх үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Аливаа асуудал оношоо олж тогтоож, түүнийг засаж, залруулснаар шийдэгдэнэ. Гэтэл эрх баригч нам аргалж, гал унтрааснаар ирлээ. Сүүлийн хэдэн жилд ямар ч асуудлын оношийг олж, эмчлэх чиглэлийн шинэчлэл, өөрчлөлт огт хийгдсэнгүй. Гал унтраах, нэг удаадаа аргалж өнгөрөөх байдлаар асуудлуудыг намжаасаар ирсэн нь одоо олон газарт бугшсан, асахад бэлэн галтай асуудлууд эрх баригчдыг, иргэдийг хүлээж байна.Эхнээсээ бугшсан асуудлуудын зарим нь ил болон гарч ирж байна. Вакцинжуулалтын хурдаа нэмнэ гэж амлаж байсан Засгийн газар хоёр, гурван хоногийн дараа ямар ч нөөцгүйгээ мэдэж байх жишээний. МАН 20, 30 жилийн төлөвлөгөө, алсын хараа ярьдаг. Гэтэл үнэндээ хоёр, гурван хоногийн ч төлөвлөгөөгүй суудаг гэдгээ нийтэд зарлачихлаа.

Засгийн газар ковидын нөхцөл байдалд бэлдэж эхлээд, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд, эргэж буцсан шийдвэрүүд, тодорхой төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй байгаа нь харагддаг. Хамгийн гол нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрх, бизнесүүдийн эрх чөлөө маш их зөрчигдлөө.Өнгөрсөн хавар, зунд дотооддоо цар тахлыг алдаагүй байхад хөл хорио тогтоож, иргэд, бизнесийнхний тамирыг аль эрт барчихсан. Бизнесүүдийг жилийн өмнөөс гадаад орчноос бүх харилцааг нь таслаад, дээрээс нь дотоодын эдийн засгийн урсгалыг нь ч хааж, үүнийг дагаад иргэдийн орлого бүтэн жил хорионд байлаа. Ямар ч тамиргүй, тэнхэлгүй болгож байгаад, бараг эргэж босох эрмэлзэлгүй болсных нь дараа л саяхнаас “амь тариа” хийх гэж оролдож байна.

Хөл хорио нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж байна. Гадаадад гацсан иргэдийн эрх жил хагасын турш зөрчигдөж байгааг та бид хангалттай харлаа. Иргэд төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж бүтэн жилийн турш онцгой комиссынхноос гуйцгааж байна. Угтаа бол иргэдээ татаж авах нөөц бололцоо хангалттай байсан. Өнгөрсөн хавар, зуны турш зочид буудлууд нь хаагдчихсан, МИАТ нислэггүй, сул зогсонги байдалтай байхад иргэддээ сонголт, бизнесийнхэндээ боломж олгоод тусгаарлалтын байруудыг олноор нээгээд аль эрт иргэдээ бүрэн татаад авчих боломж байсан ч огт ашигласангүй. Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихья, айдас дээр нь тоглоод УИХ, орон нутгийн сонгуульд ялаад авъя гэсэн бодлого явсан. Одоо үргэлжлүүлээд ковидыг ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуульд яаж ялах вэ гэдэг бодлого нь үргэлжилж байна. Тод жишээ бол, сая хэд хоногт МАН 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ковидыг хумьж авахад биш, баяраа тэмдэглэхэд л илүү анхаарлаа. Өдөр бүр 100, 100 -гаар нь хүмүүс цуглуулж, 100 жилийнхээ баярын батламж, бэлгийг гардуулж, вирус тарааж байна. Энэ хооронд коронавирусийн тохиолдол нэмэгдэж, өдөрт л 700, 800 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан, өвчин тахлын энэ үед эрх баригчид 100 жилийн ойгоо тэмдэглэн нэгнээ хөөргөн байгаа нь зохимжгүй байна. Ерөнхий сайд нь “Энэ хөл хорио сүүлийнх байгаасай” гэж залбираад байгаа юм уу гэлтэй аргаа барсан үг хэлнэ лээ. Ямар ч төлөвлөгөө байхгүй хүний үг л ийм байдаг байх.

-Одоо хэрэгжиж буй эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадах эсэхэд юу хэлэх вэ?

-Оройтсон, бас оновчтой байсан уу гэдэг дээр тойрч яримаар санагдаж байна. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 10 их наядын хөтөлбөр ч, өнгөрсөн долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлсэн “хөл хорионы төлбөр” ч тэр, вакцинжуулалт, иргэдээ татан авчрах үйл ажиллагаа гээд энэ бүх асуудлын аль алинд нь нэг том дутагдал байгаад байна. Иргэдэд, бизнесүүдэд, хувийн хэвшлийнхэнд огт сонголт олгодоггүй. Яг л өнгөрсөн нийгмийн арга барилаар цор ганц хувилбартай шийдлээр асуудлыг шийдэх гэж үзээд байгаа юм. Тэр шийдлээ төр санал болгоно, төр өөрөө хэрэгжүүлэлтийг нь хийнэ. Бидний, иргэдийн хүсэх, хүсэхгүй энд огт хамаагүй.

Сая иргэн бүрд 300.000 төгрөг өгөхдөө ч бас олон нийт юу хүсч байгааг авч хэлэлцсэнгүй. “Хөл хорионы төлбөрт” тараасан мөнгө 1,2 их наядаар хэмжигдэнэ. Чанартай сайн вакциныг зах зээлийн үнээс нь багадаа гурав дахин өндөр үнээр насанд хүрсэн иргэдийнхээ тоогоор олоод авчих мөнгө. Эртнээс төсөвлөөд, энэ дүнгээр гэрээ хэлцэл хийсэн бол магадгүй олдоц одоогийнхоос арай дээр байж ч болох байлаа.Дээр ярьсан тусгаарлалтын байранд ч энхүү асуудал адилхан. УОК-ын шилж сонгосон, шилсэн гэхээсээ илүүтэй шахсан, шаардлага хангах, хангахгүй янз бүрийн байранд хүчээр аваачаад 50,000 төгрөгийн ханштайгаар л байрлах ёстой гэсэн цор ганцхан сонголттой. Хэрэв хүсэхгүй бол, зөвшөөрөхгүй бол гэсэн ямар ч эргэлзээ, асуултгүйгээр эцэслэн шийдчихсэн.

Вакцины асуудал ч ялгаагүй. Эмийн компаниуд, бизнесийнхэн, хувийн хэвшлийнхнийг өөрсдийн шугамаар вакцин олж ирэхийг, иргэдийг өөрсдийн хүслээрээ үнийг нь төлөөд вакцинаа хийлгэх сонголтыг нь бас өгсөнгүй. Эрх баригчид ажлыг аргалж л хийж, азанд найддагаас биш, цэгцтэй бодлого байхгүй, чадвартай хүний нөөцгүй нам юм гэдэг нь тодорхой харагдаж байна. Лав л гамшгийн менежмэнтээр мэргэшсэн ганц ч боловсон хүчингүй л харагдаж байна.

-Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор урд хөрш хилээ хаачихлаа. Удахгүй хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Улс орны нөхцөл байдал улам хүндрэх нь?

-Эрх баригчдын хувьд Гашуунсухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ гэдэг ганцхан бодлоготой болоод удсан. Одоо бүр зэсийн үнэ өндөр байх юм чинь гээд урьдчилгаа татвар аваад тараадаг жишиг рүү явж байна. Урд хөрш хилээ битгий хаагаасай, нүүрс, зэсийн үнэ өсөөсэй гэдэг азанд найдсан бодлого л хэрэгжлээ. Энэ хэвээрээ аргалаад яваад байвал болно гэж эрх баригчид бодоод байх шиг байгаа юм. Гэтэл төрийн эрх өсч, ордон тойрсон олон байшин, дарга нарт зориулсан конторыг төсвөөс барихын хэрээр ардчилал,иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч байна. Эдийн засаг улам бүр хэврэгшиж, иргэд эрхгүй болж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Нэгтгээд дүгнэвэл, төрийн шийдвэрүүд мэдэхгүй мөртлөө мэдэмхий, чадахгүй мөртлөө дайрамтгай болоод байгаа. Мэдэх зүйл бага болох тусам мэдэхгүй зүйл багасч мэдэмхий болдог тухай танин мэдэхүйн тойргийн тухай ойлголт байдаг л санаанд орж байна. Яг түүн шиг л асуудлыг дагнан судлаагүй, мэргэшин төрөлжөөгүй хүмүүс салбаруудыг хариуцаж байгаа учраас асуудлуудад танин мэдэхүйн хэмжээнд хандаад мэдэхгүй зүйлгүй мэт бодогдоод байх шиг. Ийм учраас бүх л асуудалд цор ганцхан оновчтой шийдлийг санал болгоод байна уу.

-Ардчилсан нам тогоон доторх асуудлаа ч шийдэж чадахгүй, эрх баригчдыг царайчлан, Улсын дээд шүүхийн шийдвэрийг горьдож сууна гэх шүүмжлэл гарч байна. Намын дотоод асуудал юу болж байна вэ?

-Яах аргагүй үнэн. Гэхдээ асуудлаа ил яриад, шийдлээ хайгаад, хэдэн тал болж үзэлцэж байсан ч сүүлдээ эргээд нэгддэг, нэгдэхээрээ улам хүчтэй болдог нь Ардчилсан намын өөрийнх нь араншин шүү дээ. Ийм л ил тод, дотоод ардчилалтай нам. Өнөөдөр гаднаас нь харахад эвлэхгүй юм шиг харагдаж байгаа боловч талууд хооронд, ялангуяа надаас хамаарах хувийн зөрчил, өс, эвлэж нэгдэхгүй байх том шалтгаан байхгүй.

Дүрмээ дагаад, эрх зүйн чадамжтай үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан сунгаанд оролцоод л явсан. Анхан, дунд шатнаас сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулж намын их хурал хуралдаад, шаардлагатай бүх материалын хамт дээд шүүхэд бүртгэлийн хүсэлтээ хүргүүлсэн. Монгол Улсын шударга шүүх хэн нэгэн бүлэг, намын нөлөөнд автаагүй, хууль журмын хүрээндээ асуудлыг авч үзээд ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сонголтыг хүндлээд асуудлыг шударга шийднэ гэдэгт итгээд хүлээж сууна.

-Таны хувьд намын дотоод эв нэгдлийг хангахад ямар алхам хийх вэ. Хоёр талдаа гараад, хоорондоо та нар хүрээд ирээч гэсэн бичгийг сошиалаар шидэлцэж байгаа харагдсан?

-Эв нэгдлийг эрхэмлэсэн уриалга, албан бичиг гэхээсээ илүүтэй өдөөн турхирсан маягийн өнгө аястай уриалга гэсэн бичиг байсныг сошиалаар харсан. Өнөөдрийн байдлаар бичгээр гарт ирсэн зүйл алга. Сошиалаар зөрчилдөх биш ажил хэрэгчээр уулзалдаж, ярилцаж ойлголцох нь АН-д ардчиллаа бүтэн болгоход хэрэгтэй болов уу гэж бодож сууна.

Миний хувьд эвлэрэл, эв нэгдлийн талд байгаа. Санаж байгаа бол УИХ дахь бүлгийн гишүүд бид С.Эрдэнэ даргатай уулзаад ажлын хэсэг байгуулах саналыг тавиад явж байсан шүү дээ. Талцаж, муудсан ах нарын аль нэгнийх нь талд ороод, нөгөөг нь буруутгаад, мушгин хэлэх зүйлс байхгүй ээ. Үйл явдлууд хурдацтай өрнөөд утасны хоёр үзүүр дээр гараад суучихаад л байгаагаас биш С.Эрдэнэ даргатай ч, М.Тулгаттай ч эртнээс харилцаатай, хувийн зөрчил байхгүй.

-АН дотоод асуудлаа цэгцлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй эрсдэл харагдаж байна. Нөгөө талаар ямар зарчмаар нэр дэвшигчээ тодруулах вэ. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхээр таныг тохирсон гэх яриа явж байна?

-Ардын намын нэг хүнийг дэвшүүлэхээр тушааж гэвэл гишүүд нь ярсхийтэл гараа өргөцгөөж байж магадгүй юм. Харин Ардчилсан нам бол хэн нэгний тушаал, зааврыг дагадаг нам биш. Асуудлаа ил ярьдаг, өрсөлдөөнөөр буцалж байдаг нам. Нөгөө талаас намын хүчин төгөлдөр дүрмээр нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах ёстой. Сунгаанд минийхээр бол бүр олон хүн өрсөлдөх байх гэж харж байна. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гээд өрсөлдөх боломжтой, өрсөлдөхөө илэрхийлсэн, өмнө нь хариуцлагатай алба хашиж явсан олон боломжит дэвшигчид манайд бий. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх эрсдэлийг хүмүүс ганц нэг ярьж байна. Ардчилсан намын олонхоор шүүгдээгүй, гишүүдийн дундах сунгаагаар гарч ирээгүй “тоглоомын” нэр дэвшигчтэй өрсөлдсөн, аль эсвэл Ардчилсан нам оролцоогүй сонгуулиас сонгогдсон Ерөнхийлөгчийг ард түмэн “жинхэнэ” Ерөнхийлөгч гэж үзэх үү. Муутай ч, сайнтай ч Ардчилсан нам Монголын улс төрийн тэргүүлэх хүчнүүдийн нэг. Ардчилсан намгүйгээр болох Ерөнхийлөгчийн сонгуулийг биднээс дутуугүйгээр эрх баригчид ч хүсэхгүй л байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…