Home Дотоод мэдээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад нийт өртгөөс ойролцоогоор 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ УНАНA

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад нийт өртгөөс ойролцоогоор 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ УНАНA

14 second read
0
0
3,266

-АНЗААРЧ БАЙГАА БОЛ АЛЬ Ч СОНГУУЛИЙН ӨМНӨ ТОМ ЗАМУУД ЭХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ-

“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2020 оны 9-12 дугаар сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр зөрчлүүдийн нэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замаас 1-5 см зузаан асфальт бетон хучилтыг хасахад буюу шулуухан хэлэхэд, хулгайлахад хэчнээн төгрөгийн зөрүү, ашиг унадгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Эх сурвалжийн хүсэлтээр түүний нэрийг нууцалсан юм.

-“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Үүнд “204.11 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед зургаан см өнгөн үед дөрвөн см нийт арван см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед таван см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулсан” байна гэнэ. Тэгэхээр 204.11 км хатуу хучилттай замаас 1-5 см зузаан хучилтыг хасахад ойролцоогоор хэчнээн төгрөг болох вэ?

-Замын суурь гадаргуу нь хүн харахад тэгшхэн юм шиг харагддаг ч нарийн дурангаар харахад 1-2 см хэлбэлзэж байдаг. Үнэхээр техникийнхээ тоо хэмжээнд өөрчлөлт оруулаад энд зузаан хучилт хэрэггүй, эндээс эдийн засгаа бодоод бага зэрэг хасъя гэсэн шийдвэр гаргасан бол зураг өөрчлөгдөнө. Ингэж өөрчилж байгаа тохиолдолд хасагдсан үнийн дүнг улс суутгаад авчих байх. Асфальт бетон хучилт гэдэг бол мөнгөний маш том масс нь байдаг. Тэгэхээр 204.11 километрийн хатуу хучилтаас нэг см хасахад ойролцоогоор 88,175 тонн бетон хучилт болно. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд дунджаар 16 тэрбум 312 мянга болж байна. Харин таван см зузаан асфальт бетон хучилт хасахад ойролцоогоор 81 тэрбум буюу, 20-21 сая ам.доллар болохоор байна.

-Замын хучилтын зузааныг таван см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй юү?

Хяналт хийж байгаа ААН, тухайн хүн нь гүйцэтгэгч байгууллагуудынхаа авлигад өртөхгүйгээр, тухайн замын ажилд орох ёстой материалаа хэмжээгээр нь оруулаад чанар стандартынх нь дагуу хийлгүүлэхэд эвдрэхгүй. Ерөөс зам эвдрээд байдаг шалтгаан нь юу вэ гэхээр суурь материал муу байсных юм. Замын доод талын сууринд орох материал болох шороог лабораторид шинжлэхэд ширхэгийн бүрэлдэхүүн нь таарахгүй, тохиромжгүй гэх зэрэг сайн муу материалууд олон бий. Гэтэл тухайн замыг хийж байгаа байгууллага, иргэн илүү зардал гаргаж хол байгаа эрүүл материалыг биш, ойрхон байгаа муу материалыг хамаагүй хийчихье гэсэн эрсдэл үүсгэхгүй, суурийг нь л сайн тавьчихвал болно. Муу суурь дэвсээд дээр нь 20 см зузаан асфальт дэвссэн ч эвдэрдэг гэсэн үг. Ер нь асуудал их байдаг л даа. Хяналт шалгалт, сэтгүүлчдийг очиход “Бид замынхаа энд ус зайлуулах хоолой хийж байгаа” гэдэг боловч тэр усаа хааш нь зайлуулах нь тодорхой бус байдаг гэхчлэн асуудлууд бий.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААНсанал ирүүлснээс 26 нь БНХАУ-ынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй гэсэн. Ер нь дотоодын компаниуд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг барих боломжтой юу?

-Анх таван багц болж байх үед нь Залуу инженерүүдийн холбоотойхолбогдоод санал хүсэлтээ хүргүүлж байсан. Яахав, Азийн хөгжлийн банк тодорхойхэмжээнд чадалтайкомпани байх ёстой гэсэн шалгуураа тавьж байгаа, тэр хууль эрх зүйг нь ойлгож байна. Гэхдээ зам барих үйл явц бол ерөөс биднийхийдэг л технологи байхгүй юу. Гадаадын байгууллага хийлээ гээд ямар ч илүү шинэ дэвшилтэт технологи байхгүй. Монголчууд өнөөдөр төмөр замыг ямар сайн зохион байгуулалттай хийгээд дуусгаж чадаж байна. Яг үүнтэйадил Улаанбаатар-Дархан чиглэлийн зам чинь газар шорооны л ажил. Монгол компаниуд үүнийг хийх бүрэн боломж байгаа гээд яамдуудад дуу хоолойгоо өргөсөн, нэмэр болоогүй. Тухайн үед 2016 оны сонгууль болж байсан, МАНын энэ ажлаас сонгуулийнхаа мөнгийг гаргаж байна даа л гэж хардсан. Яагаад монгол компаниудыг унагаасан бэ гэхээр борлуулалтын орлого өндөр байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Монголд тэр шалгуурт нь хүрч байсан компани “Хурд” групп л байгаа. Ер нь замын компаниуд чинь өрөвдмөөр шүү дээ. Улсаас хараат учраас дуугаръя дуугарч болохгүй. Хэрэв тэр компани дуугарвал тендер өгөхгүй. Одоо бол баахан хятадууд л байгаа биз дээ. Тэд мөнгийг маш их хасдаг, ойлгомжтойгоор ярихад тогооныхоо доор хусам өгөхгүй, эсвэл тал хусам тавиад үлдсэнээр нь өөр зүйл хийлгэдэг. Ер нь улстөрчдийн хамгийн их мөнгө угаадаг салбар нь замын салбар. Буцаад аудитын шалгалт хийе гэхээр боломжгүй. Овоолсон шороог эвдээд шинжилнэ гэсэн зүйл байдаггүй. Анзаарч байгаа бол аль ч сонгуулийн өмнө том замууд эхэлдэг шүү дээ.

ӨДРИЙН СОНИН САНЖААГИЙН ЛХАМСҮРЭН

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…