
Их Британийн Засгийн газрын “Чевнинг” тэтгэлэгт шалгаран, тус улсын “Lancaster University”-д мастерын зэргээ хамгаалж байгаа Б.Баясгалантай тэтгэлэгт хэрхэн бэлдэж, тэнцсэн туршлагын талаар ярилцлаа.
-Их Британийн Засгийн газрын “Чевнинг” тэтгэлэгт та хэзээнээс хамрагдан, ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
-Би “Чевнинг”-ийн тэтгэлэгт 2020 оны есдүгээр сараас хамрагдаж, “Lancaster University”-д Стратегийн мастерын зэргээр суралцаж байна. “Чевнинг”-ийн тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас дэлхийн 160 гаруй орон, газар нутагт олгогддог 100 хувь буюу суралцах хугацаан дахь бүхий л зардлыг нь даадаг тэтгэлэг юм. Миний хувьд тус тэтгэлэгт 2019 онд хүсэлтээ гаргаж, 2020 оны хичээлийн жилээс эхлэн суралцаж байна. Энэхүү тэтгэлэгт тухайн жил дэлхий даяар 60 мянга гаруй хүн өргөдөл өгснөөс 1300 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог юм. Үүн дотор Монгол Улсаас нийт 12 хүн тэнцэн, одоогоор Английн 11 өөр сургуульд тус тусын сонгосон мэргэжлийн дагуу суралцаж байна.
–Тус тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог, давуу тал юу вэ?
-“Чевнинг” тэтгэлэгт хамрагдан Англид ирж суралцсанаар зөвхөн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээс гадна өөр улс орнуудын манлайлагч залуучуудын нэг хэсэг нь болж тэдгээрээс олон зүйлсийг суралцан, хөгжих цаашлаад тухайн сурсан зүйлээ улс эх орон болон мэргэжлийн салбартаа хэрэгжүүлж, өөрийн хувь нэмрийг оруулах давуу талтай хэмээн боддог. “Чевнинг”-ийн тэтгэлэг манлайлагч залуусаас бүрдсэн “community network”-ийг үүсгэж байгаа нь бидэнд маш том үр өгөөж, боломжийг бий болгодог. Тус тэтгэлгийн зүгээс зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөн, семинар зэрэг үйл ажиллагаануудад оролцох боломжтой. Чевнингийн тэтгэлгээр суралцаж байгаа хүмүүсийг Chevening scholars гэж нэрлэдэг бөгөөд тэтгэлэг тэнцсэн хүмүүс хоорондоо танилцаж, мэдээлэл солилцож, найзалж нөхөрлөх цаашлаад ирээдүйд хамтдаа шинэ санаа гаргаж хамтран ажиллах боломжийг эдгээр арга хэмжээ олгодог болно. Англид ихэнх мастерын хөтөлбөрүүд нэг жилийн хугацаанд түргэвчилсэн системээр явагддаг тул цаг хугацааны хувьд хэмнэлттэй бөгөөд дэлхийд классик гэж хүлээн зөвшөөрөгддөг өндөр стандарттай сургалтын системийн үр шимийг амьжиргааны зардалдаа сэтгэл зоволгүй зөвхөн хэрхэн хамгийн сайнаараа сурч боловсрох вэ гэдэгтээ анхаарах боломж олгож байгаа нь бас нэг давуу тал болов уу.
-Lancaster University-ийг ямар шалтгаанаар сонгон суралцах болсон бэ. Их сургуулийнхаа талаар бидэнд танилцуулна уу?
-Ихэнх хүмүүс гадагшаа суръя гэж зорихдоо олон тэтгэлэгт материалаа нэг зэрэг өгөн тэнцсэнд нь явдаг бол миний хувьд Англи руу явж сурах зорилготойгоор зөвхөн Чевнингийн тэтгэлэгт л бэлдэж материалаа өгсөн. Ихэнх сургуулиудын бизнесийн хөтөлбөрүүд нь MBA, International business эсвэл Entrepreneurship чиглэлээр байдаг. Эдгээр хөтөлбөрүүд нь миний өмнө нь сурч төгссөн хөтөлбөртэй ижил хичээлийн агуулгатай, надад дутагдаж буй тодорхой ур чадваруудыг нөхөх, бизнесийн зөвлөх үйлчилгээ мэдлэг, мэргэжлийн ур чадварыг суулгах анги цөөхөн байсан. Чевнингийн тэтгэлэгт нийт гурван сургуульд хүсэлтээ өгөх шаардлагатай байдаг. Иймд сонгон суралцах гэж буй мэргэжлийнхээ хүрээнд гурван сургуулиа сонгон, эрэмбэлсний дагуу Lancaster их сургуульд суралцахаар болсон. Манай сургууль Их Британид эхний топ 10 сургуулийн нэгт тооцогддог ба сурч буй мэргэжлээр минь дэлхийд топ 100-д буюу 66-д ордог. Ерөнхийдөө сургууль, мэргэжлээ сонгохдоо тухайн программ нь надад хичээлийн агуулгаас гадна өөр ямар мэдлэгийг олгох, хичээлээ хэрхэн ямар байдлаар ордог, цаашлаад багш нарынх нь судалгааны чиглэл зэргийг судлах хэрэгтэй. Ингэснээр таны сурах, мэдэхийг хүсэж буй зорилго, төлөвлөгөөтэй хэр нийцэж байгааг харж сонгоход хялбар болно.
Миний сурч буй хөтөлбөрийн нэг онцлог нь нэг хичээлийг бүтэн гурван долоо хоног өдөр бүр шахан ордог. Ингэхдээ багш нар анхнаас нь үүнийг суралцагчдадаа сайн, ойлгуулж бүтэн цагийн ажил хийдэг мэт 7 хоногт 40 цаг хичээл хийнэ гэсэн бэлтгэлтэй байхыг онцолж хэлдэг. Улмаар нэг хичээл нэг дэхээс тав дахь хүртэл өглөөнөөс орой хүртэл бүтэн орж багийн ажлууд зэрэг явагддаг. Ингэж гурван долоо хоногийн турш нэг хичээл дээр төвлөрөх нь олон сэдэв, өөр хичээлийн даалгавар руу сатаарахгүй илүү үр өгөөжтэй шиг санагддаг. Мөн онол заахаас илүүтэй практикал тал ур чадвар буюу ажлын байран дээр гараад хийх ажлыг нь хийлгэдэг нь их таалагддаг. Надад гурван долоо хоногийн турш нэг жижиг төсөл дээр ажиллаад дуусаж байгаа мэт л сэтгэгдэл төрдөг. Манай сургууль Lancaster хотод байх бусад компаниудтай хамтын ажиллагаатай учраас хичээл дээрээ тухайн компаниудад багшаараа удирдуулан зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх боломж гардаг нь давуу тал, туршлагыг олгоно. Хувь компанид яг одоо өрнөж буй бодит кейс дээр ажиллан, гарц хайх уралдаан явагддаг. Миний хувьд хичээлийн эхний семестр багшаараа удирдуулан “Forsberg Service LTD” гэх инженерийн байгууллагын “Outstanding strategy consultant” хэмээх тэмцээнд оролцон хоёрдугаар байранд шалгарч дадлага хийх урилга авсан юм.
Түүнчлэн манай сургуулийн кампуст “Entrepreneurs in Residence” гэх таван тивийн арван орны 19 салбарт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй бизнес эрхлэгчдийг багтаасан клуб байрладаг. Энэ клубийн зүгээс олон улсын туршлагатай бизнес эрхлэгчидтэй уулзах, зөвлөгөө авах, менторинг хөтөлбөрт нь хамрагдах зэрэг боломжийг олгодог. Миний хувьд сургуулийн зүгээс зохион байгуулдаг Менторинг хөтөлбөрт хамрагдан 48 жилийн турш 70 гаруй оронд зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан, туршлагатай, эдийн засагч мэргэжилтэй ментороос зөвлөгөө аваад явж байна.
-Та энэхүү тэтгэлгийг сонирхож, мөн бэлдэн буй залууст зөвлөгөө өгнө үү. Юунд хамгийн их анхаарах хэрэгтэй бол?
-Үр дүнд хүрэхийг хүсэж байвал маш эртнээс зорилгоо тавьж, төлөвлөгөө гарган бэлдэж эхлээрэй гэж хэлмээр байна. Дээр хэлсэнчлэн бэлдэх зүйл их байдаг. Чин сэтгэлээсээ маш их цаг гарган, төлөвлөгөө сайтай бэлдээрэй. Түүнчлэн тэтгэлгийн эхний шаардлагыг хангаж байгаа хүмүүс Монголд чамаас гадна олон хүн байгаа учир тухайн хүн бүрээс чи юугаараа онцгойрч гарч ирэх, өөрийн онцгой байдлыг сайн бодож шингээгээрэй. Чевнинг тэмүүлэлтэй, зорилготой, алсын хараатай, манлайлагч нарыг хайж байдаг. Иймд та өөрийгөө энэ манлайлагч нарын нэг шүү яаж харуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.