
2021.03 сард Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулан амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 29-ний 01:30 цаг орчимд зодуулсан алба хаагч тархины цус харвалт, ком гэсэн оноштойгоор ухаан алдсан байдалтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Өвчтөн хоёр хоногийн турш эмчлүүлж байгаад ухаан оролгүй, амьсгал зүрх судасны дутагдал, тархины цус харвалтын улмаас өчигдөр 23:00 цаг орчимд өөд болжээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэрэгтнийг хорьсон шалгаж байна” гэх мэдээллийг өгсөн юм. Ээж нь хүүгээ 10 сар хэвлийдээ тээж, 18 жил өдөр, шөнө, цаг минут алгасалгүй бие сэтгэлээ чилээн хүн болгож өсгөөд “Эр хүн боллоо үр минь” гээд эх орныг нь мануулахаар цэрэгт илгээдэг. Гэтэл энх цагт хүүгээ үдсэн ээжид нь алба хаасан эр хүнийг биш, амь насыг нь хөнөөтөл зодчихоод цогцсыг нь хүлээлгэж өгдөг МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГУУД ТА НАР ЮУ БОДОЖ СУУДАГ ВЭ? Цэргийн албанд явахдаа үзлэгт орж, цоо эрүүл явсан залуус эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна. Яагаад жилийн жилд болдог энэ бусармаг байдалд цэг тавьж чадахгүй байна вэ? Дахиад хэдэн залуу амиа алдаж, хэдэн ээж амьдралаа нулимсанд живүүлэх ёстой вэ? Хамгийн сүүлийн жишээ 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас амиа алдлаа. Эр цэргийн албанд мордсон хүү нь эцэг эхдээ ирсэнгүй.
2019.01.22 Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан.
2019.03.28 Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ. 2019.05.26 Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав. 2017.01 сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг алба хааж байх хугацаандаа шийтгүүлж, идэр есийн хүйтэнд гадаа цементэн шалан дээр гүйсний улмаас хөлийнхөө есөн хурууг хөлдөөж, тайруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн.
2017.04 сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон хээрийн сургуулилтын үеэр цэргийн хоёр алба хаагч гранатын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ бол бидэнд ил болсон наад захын хэдхэн жишээ. Үүний цаана дарга нартаа элдвээр дэглүүлчихээд дуугүй өнгөрч байгаа залуус хар мянгаараа. Ийнхүү эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүд дарга нарынхаа ёсзүйгүй үйлдэл, дээрэлхүү зангаас болж хохирсоор байна. Уг нь энх цагт цэрэг эрс нь амиа алдаад байхад сайд өөрөө буруугаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгвөл их л зөв жишиг болохсон. Өндөр хөгжилтэй гаднын оронд бол хүний амь эрсэдсэн ноцтой явдал тохиолдвол сайд нь шахаж шаардуулаад байлгүй огцордог. Ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээдэг учраас тэд хөгжиж байгаа. Гэтэл манайд хариуцлага гээч зүйл алдагдаад удаж байна. Харин эцсийн шатанд энгийн ардын хүүгийн буруу, танил талтай даргын зөв болоод өнгөрдөг билээ. Энэ бүхэнд өнөөдөр хяналт тавьж холбогдох алба, яам, сайдууд анхааралдаа авах цаг болжээ. Эх орныхоо дархан хилийг хамгаалж, эр хүн болоод ирнээ хүү нь гээд мордох эрсийн зориг зүрхийг мохоож байна. Цэргийн алба гэж үхл.ийн талбар биш.