Home Дотоод мэдээ ​Н.Халиунаа: Тэтгэлэгт хамрагдах нь маш олон боломжийг нээж өгдөг

​Н.Халиунаа: Тэтгэлэгт хамрагдах нь маш олон боломжийг нээж өгдөг

40 second read
0
0
161

АНУ-ын оюутан солилцооны “Ugrad” хөтөлбөрийн төгсөгч мөн тус улсын Засгийн газрын Фулбрайтын 2021-2022 оны тэтгэлэгт тэнцээд буй Н.Халиунаатай ярилцлаа. Тэрээр гадаад болон дотоодын нийт 10 гаруй тэтгэлэгт хамрагдсан бөгөөд өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

-Та гадаад, дотоодын нийт 10 гаруй тэтгэлэгт амжилттай хамрагдсан байна. Таны бодлоор тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломжууд нээгддэг, юуг сурч мэдэж авдаг вэ?

-Миний хамрагдсан олон улсын тэтгэлгүүд дийлэнх нь богино хугацааны хөтөлбөрүүд байсан. Нэг тэтгэлэгт хамрагдахад маш олон үүд, хаалга боломжууд нээгддэг. Учир нь би эхний хамрагдсан хөтөлбөрүүддээ амжилттай оролцсон учир дараагийн хөтөлбөрүүдэд уригдан оролцох боломжтой болсон. Мэдээж тэтгэлэгт хөтөлбөр бүрээс хамаараад давуу тал, болоод онцлог нь өөр, өөр. Жишээ нь би 2018 онд Сингапур улсад зохион байгуулсан UNLEASH Инновацийн лаб хөтөлбөрт Монголоос хамгийн анх удаа сонгогдсон төлөөллүүдийн нэг болон оролцож байсан. Тус хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрт нийгэмдээ өөрчлөлтийг эрэлхийлж, салбартаа түүчээлж буй 1000 гаруй залуусыг нэг дор нэгтгэж, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд тулгарч буй асуудлуудыг хамтдаа шийдэхэд хувь нэмрээ оруулах боломж олгодог. Unleash хөтөлбөрт хамрагдсанаар таван тивийн таван орны хүмүүстэй нэг баг болон ажиллаж, Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб, Нобелийн Энх тайвны шагналт, Колумбын ерөнхийлөгч Хосэ Рамос, UNESCO-ийн Энх тайвны элч, НҮБ-ын Инновацийн элч робот Софиа робот зэрэг хүндэт зочидтой уулзаж харах өнцгөө тэлсэн. Хамгийн гол нь олон улсын хөтөлбөрт хамрагдсанааар зөвхөн өөрөө сурч мэдэх биш олон улсын коммюнити-гийн нэг хэсэг болж эргээд нийгэмдээ эергээр хувь нэмэр оруулах боломж үүсдэг нь маш том давуу тал. Unleash хөтөлбөр л гэхэд тогтвортой хөгжлийн зорилтын үр дүнг дүгнэх 2030 он хүртэл жил болгон өөр өөр улсад зохион байгуулагддаг.

-Тэтгэлэгт хамрагдахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

-Тэтгэлэг бүрээс хамааран нөлөөлөх хүчин зүйлүүд өөр. Гэхдээ ихэнх хөтөлбөрүүдэд “Яагаад өөрийг тань сонгох ёстой вэ” гэдэг асуултыг маш сайн мэдэх нь миний хувьд хамгийн чухал санагдсан. Тухайлбал, сүүлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пань Ги Мүнийн нэрэмжит эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тогтвортой хөгжлийн зорилгын талаар гүнзгий мэдлэг олгох “Global Citizenship” хөтөлбөрт Австри улсын “Vienna Diplomatic Academy”-д хамрагдсан. Тус хөтөлбөрт Афганистан, Камбож, Өмнөд Солонгос болон Монгол зэрэг дөрвөн улсаас 20 эмэгтэйг сонгосон юм. Сүүлд тус хөтөлбөрийн зохицуулагчтай хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож байхад Монголоос ажлын арвин туршлагатай, мундаг сургууль төгссөн олон хүн өргөдлөө явуулсан ч тэр дундаас энэ хөтөлбөрт яагаад хамрагдах ёстой, хамрагдсанаар зорилгодоо хүрэхэд нь хэрхэн туслах зэргийг гол шалгуур болгож харсан гэж байсан. Тэгэхээр богино болон урт хугацааны хөтөлбөрүүдэд хамгийн гол нь маш олон хүн энэ тэтгэлгийг авч болох байхад “яагаад чамайг сонгох ёстой вэ” гэдэг хариултыг хамгийн сайн мэдэх ёстой байх. Энэ асуултад бүрэн итгэлтэйгээр хариулж чадахгүй бол тэр хөтөлбөр танд тохирох хөтөлбөр биш ч байж магадгүй гэсэн үг шүү дээ.

-АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт та нэр дэвшсэн байгаа. Тус хөтөлбөрийн онцлог, давуу тал юу вэ?

-Би АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын 2021-2022 оны тэтгэлэгт нэр дэвшсэн бөгөөд нийгмийн энтрепренершип чиглэлээр суралцахаар зорьж буй. Фулбрайт хөтөлбөр нь АНУ-д магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй гэсэн хоёр төрөл байдаг. Энэхүү хөтөлбөрийн ерөнхий шалгуурт нь 1,5 жилийн ажлын туршлагатай байх, TOEFL эсвэл IELTS-ийн оноотой байх зэрэг багтдаг. Жилд манай улсаас нийт 13-15 хүн сонгон шалгаруулж авдаг юм. Одоогоор “Фулбрайт”-ын 2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдсан байна.

-Тус тэтгэлэгт хэрхэн тэнцсэн бэ. Сонгон шалгаруулалтын үйл явцаас сонирхуулна уу?

-Сонгон шалгаруулалтын хувьд эхний шат нь онлайн өргөдлөө явуулах, үүнд тэнцсэн тохиолдолд дараагийн шат буюу ярилцлагын шатанд урих зэрэг үндсэн хоёр шаттай. Онлайнаар өргөдлөө явуулахдаа миний анхаарч ажилласан зүйл нь тодорхойлох өргөдөл, эссэ зэрэг бүхий л зүйл дээр төвлөрч нухацтай хандсан. Жишээлбэл энэ хөтөлбөрт яагаад хамрагдан, суралцахыг хүссэн мэргэжлээрээ явах ёстой вэ гэдгийг маш сайн гаргахыг зорьсон юм. Юун түрүүнд эссэгээ бичихдээ тууштай байдлаар олон удаа засаж янзалснаас гадна суралцах гэж буй мэргэжлийнхээ холбогдолтой хүнээр уншуулж, зөвлөгөө авах зэрэг аргуудыг ашиглаж байсан. Үүний дараах ярилцлагын шат нь нийт 15 орчим минут үргэлжилсэн. Ярилцлагын шатанд ихэвчлэн таны өргөдөл дээрээ бичсэн зүйлс хэр нийцэж байна, яг ямар зорилготой байгаа зэргийг дэлгэрэнгүй харж, лавладаг юм.

-Одоогоор Фулбрайтаас гадна АНУ-ын оюутан солилцооны “Ugrad” хөтөлбөр явагдаж буй. Тэгэхээр энэхүү тэтгэлгийн талаар болон сонирхон буй залууст зөвлөгөө өгнө үү?

-Би 2016 онд тус хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын “University of Delaware”-т нэг семестр суралцаж байсан. Миний хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд МУИС-ийн олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байсан юм. Хэдий Монголдоо бакалаврын зэрэг хамгаалж байсан ч заавал төгссөнийхөө дараа гадагш сурах шаардлагагүй юм байна гэдгийг тухайн үед “UGRAD” хөтөлбөрийн талаар сонсоод ойлгосон. “UGRAD” хөтөлбөрт их, дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээр АНУ-ын их, дээд сургуулиудад зэргийн бус солилцоонд хамрагдах боломж олгодог. Оюутан байхдаа нийгмийн идэвхтэй байж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог минь энэ хөтөлбөрт хамрагдах давуу тал болж байсан. Түүнчлэн эссэндээ яагаад энэ тусгаж өгсөн. Ярилцлагын шатанд орохоос өмнө их л сандарч байлаа. Гэтэл шалгаруулалтын байр руу ороход маш дулаан, инээмсэглэсэн уур амьсгал угтаж авсан бөгөөд үүний ачаар бага зэрэг тайвширсан. Ярилцлагын үед та өөртөө итгэлтэй байж, өөрийн хэлэх гэсэн санал бодлоо чөлөөтэй мөн товч тодорхой илэрхийлэх нь чухал юм шүү.

-Тус хөтөлбөрт хүсэлтээ илгээх гэж буй залуус юунд сайн анхаарах хэрэгтэй вэ?

-“Ugrad” хөтөлбөрт материалаа явуулах оюутан залууст эссэ болон ярилцлагын шатанд хэрэг болохуйц зөвлөгөөг өгье. Эхлээд та эссэгээ бичихдээ өөрийн суралцаж байгаа мэргэжлэээрээ яагаад заавал Америкт очиж семестр суралцахыг зорьж буй, мөн ямар мэдлэгийг олж авч, суралцах цаашлаад мэргэжлийнхээ хүрээнд хэрхэн нөлөөлөх ирээдүйн зорилготойгоо уяж бичвэл эссэ нь илүү хүчтэй гарах болно. Хоёрт “Ugrad” хөтөлбөр нь хоёр улсын хоорондох соёл солилцооны хөтөлбөр учраас та Монгол Улсыг төлөөлөн АНУ болон бусад орны залууст хэрхэн өөрийн улсын соёлыг сурталчилж чадах, мөн Америкт очоод тухайн улсын соёл нийгмийн талаар ямар мэдээлэлтэй болж, эргээд эх орондоо үүнийг хэрхэн түгээж чадах вэ гэсэн санааг эссэндээ нэмэх хэрэгтэй. Харин ярилцлагын шатанд таниас “Монголын соёлыг хэрхэн, ямар байдлаар түгээнэ гэж та бодож байна” гэх зэргээр эссэнд бичсэн зүйлсийг тодруулж лавлах учир тухайн санаа, агуулгаа сайн тодорхойлж, ярилцах нь зүйтэй.

-TOEFL-ийн шалгалтыг нийт гурван удаа өгч байсан гэсэн. Үүний үр дүнд маш өндөр буюу 120 онооноос 114 оноог авсан байна. Тэгэхээр та ямар арга барилаар оноогоо сайжруулсан бэ?

-TOEFL-д бэлдэх арга барилыг өдөр тутмын амьдралдаа ягштал суулгаж өгсөн. Жишээлбэл шинэ үг цээжлэхдээ тухайн үгийг утасныхаа дэлгэцэн дээрээ тавьж өдөр бүр харж тогтоох, гадуур явахдаа байнга TOEFL-ын сонсголын дасгалуудыг сонсох, мөн медиа компанид ажиллаж байсан учир гадаадын сонин, сэтгүүл, сайтын мэдээллийг өдөр бүр уншдаг байсан. Харин бичгийн чадвараа сайжруулахдаа англи хэл дээр өдөр бүр ном зохиол унших, мөн эссэгээ бичин бусад хүмүүст шалгуулан зөвлөгөө авдаг байсан. Эдгээр арга барилыг өдөр бүр хийснээр оноогоо сайжруулж чадсан даа.

-Сайн дурын ажил хийх нь нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулахаас гадна тухайн хүнд тэтгэлэгт хамрагдах давуу талыг бий болгож өгдөг шүү дээ. Энэ тухайд?

-Нийгмийн, сайн дурын ажилд идэвхтэй оролцох нь хувь хүнд зөвхөн тэтгэлэгт тэнцэх давуу тал олгохоос гадна нийгэмд эерэг хувь нэмэр оруулах чухал зүйл хэмээн боддог. Нэг үеэ бодвол сошиал орчинд энэ талын мэдээлэл илүү хүртээмжтэй байдлаар залууст байна. Жишээлбэл сайн дурын болон нийгмийн ажлын талаар тогтмол тодорхой мэдээлэл өгөх ivolunteer.mn сайт нээлтээ хийх гэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…