Home НҮҮР Шинэ автобус байтугай метротой болоод ч түгжрэл буурахгүй. Хоёр том шалтгаан бий…

Шинэ автобус байтугай метротой болоод ч түгжрэл буурахгүй. Хоёр том шалтгаан бий…

0 second read
0
1
18,173

Шинэ автобус байтугай метротой болоод ч түгжрэл буурахгүй. Хоёр том шалтгаан бий.Нэгд, Хувьдаа өмчтэй болох нь битгий хэл өөрийн бодолтой ч явах хэцүү байсан цагийг дөнгөж даваад гучхан жил болж байна. Өнөөгийн хорин настнуудаас дээш үндсэндээ бүгд яаж ийгээд л өөрийн гэсэн өмчтэй болохыг хүсч мөрөөдөж “Хүний дор л орохгүй юм сан” гээд цээж дүүрэн хилэнтэй бэдэрч яваа. Энэ мөрөөдлөө л биелүүлэхийн төлөө ажиллаж, аргалж амьдарч байгаа. Унтах байр, унах унаа. Өөрийн нэр дээр. Насны хүслээ биелүүлж өр зээл тавиад эсвэл байдгаа шавхаад авчихсан унаагаа алтаар бүрсэн автобус байсан ч солихгүй. Хол, ойр явах хамаагүй. Танихгүй хүмүүстэй сандал булаалдаж хэрэлдэж явсанаас дуртай дуугаа чангалаад дотны хүмүүсээ суулгаад өөрийнхөө машинд тухлаж явахыг илүүд үзнэ. Нэг хэсэгтээ л.
Хоёрт, зах зээл, бизнес, ажил эрхлэлт. Нийтийн тээврээ нийтээрээ хэрэглэдэг улс, хотуудыг харвал иргэд, оршин суугчид нь эд эдэлж, юм үзээд нүдний хор нь ядаж гарсан байна. Түгжрэлгүй, шуудхан явдаг тээврээр л ажлаа амжуулахыг илүүд үзэж байна. Цаг, минутыг үнэлж байна. Ажилсаг байна. Ажилсаг л байхгүй бол нэг өдөр ч амар амьдрах аргагүй шударга нийгэмд амьдарч байна. Ажилтай нь хийснийхээ хэрээр цалинжиж байна. Тэр нь амьдралд нь хангалттай хүрч байна. Зах зээл нь том, төрийн дарамт бага учраас бизнесүүд амархан хөлжиж байна аа гэсэн үг. Дээр нь хувийн машинаар хотын төв рүү орно гэдэг бол цаг хугацаа, мөнгөний дайсан гэж үзэхэд хүргэсэн төрийн бодлого хэрэгжиж байна. Хотынх нь төв авто зогсоолгүй шахуу. Байгаа хэд нь минутаар үнэлэгдэнэ. Захиалсан цагтаа багтаагүй бол бүтэн өдрийнх нь цалинтай тэнцэх хэмжээгээр торгоно. Төр нь иргэндээ торгууль тавьсан бол заавал хурдан төлүүлнэ. Хугацаандаа төлөхгүй бол өдөр өдрөөр алданги тооцно. Торгуулиа төлөхгүй бол төрийн үйлчилгээ ч авч чадахгүй балрахад хүрнэ. Тиймээс хөмхийгөө зуугаад л гялс төлнө. Сахилга бат сууна. Үрэлгэн дадлаа өөрчилнө. Манайд тийм биш. Үнэтэйдээ л 10000 төгрөгөөр өдөржин нэг хашаанд орхиж болно. Бичүүлсэн торгуулиа машинаа зарахдаа үнэд нь шингээгээд шинэ эзнээр нь төлүүлчихнэ. Тэр болтол тоох ч үгүй. Зарагдахгүй бол төлөгдөхгүй хэдэн зуун мянгын торгууль машинтайгаа хамт хөглөрөөд л байж байдаг.


Ийм болохоор нийтийн тээврийг яаж ч гоёод өнөөдөртөө манай түгжрэлд дорвитой нөлөөгүй. Манай дарга нар, олон нийт нийтийн тээврээ супер болгоод л зам цэлийчихнэ гэдэг хөнгөн хөөрлөө дарж бодитоор бодох хэрэгтэй. Саяхан даа, нэг скүүтэр тавьж үзсэн. Одоо бас хэдэн хөөрхөн дугуй өрчихсөн л харагдана. Нэмэргүй дээ. Алга ташиж хөөрөөд байх зүйлгүй. Скүүтэр унаж үзээгүй хүмүүс бороо шороогүй зуны цөөн хэдэн өдөр сонирхож хэсэг шуураад л болоо. Өнгө өнгийн царайлаг энэ дугуйнуудаар бас жаахан тоглож байгаад л орхино. Унах улиралгүй, явах замгүй. Гол нь дийлэнх олонхоороо тэгтлээ яарах, цаг хугацааг хайрлах шалтгаангүй.
Тэгээд яг юу хэлэх гээд байна вэ гэхээр, түгжрэл бол ганц машины тоо, автобусны хуучин, замын нарийн, хотын шигүүтэй холбоотой юм биш. Эргээд л манай улс төржсөн эдийн засаг, хүмүүсийнх нь суурь үзэл хандлага, соёл болтлоо суучихсан зардал ихтэй дадлуудаас л болж байгаа юм.
Тэгэхээр байна аа, энэ хот түгжрэлээс салахын тулд эхлээд зайлшгүй туулж барах зам бол өөрийн юмтай болсон, болохоор зэхэж байгаа, болохыг хүсч байгаа иргэдийнхээ заавал мэдрэх баяр хөөрөө эдэлж дуусахыг хүлээх. Тэр болтол нийтэд нь орлогоо нэмэгдүүлэх бүх бололцоог нээж өгөх. Бизнес хийж, ажил эрхлэхэд саад болдог бүх дарамтыг арилгах, халамжийг хумиж жам ёсноос өөрөөр ямар ч хүчинд захирагдахгүй зах зээлээс төр хулгайн савраа бүрэн татаж авах хэрэгтэй. Компани нээх, бойжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх арга замд нь баахан авлига, татварын хаалга ар араас нь есөн эрүү шиг өрчихөөд даваад гарсаныг нь нэмж дарамтлаад дээрэмдээд байхаа боль. Компанийг нь мэрсээр ажилтанд очих дусал цалингийн талыг бас сар бүр үндсэндээ төр өөрөө л булааж байдаг шүү дээ. Байгууллага, ажилтны төлдөг нийгмийн даатгалын хувь хэмжээ, орлогын татварууд, НӨАТ гээд л ажилтанд очих хөдөлмөрийн хөлс дарга нарын хэрэггүй хурал, аяллын зардал болоод л төсөвт очдог. Энэ бүх дарамтаа арилгаад, гаргасан шийдвэртээ тууштай байж хэсэгхэн тэвччихэд л зах зээл өөрөө өндөр цалинтай ажлын байрууд олноор нь бий болгочихно. Өрсөлдөөн үүснэ. Чанар бий болно. Орлого нэмэгдэнэ. Ашиг дээшилнэ. Цалин өснө. Тэгэхээр хүмүүс цагийн үнэ цэнийг мэдэрч цаг хугацааг хайрлаж хэмнэх тухай бодно. Монголдоо ажиллаж эхэлнэ. Зах зээл тэлнэ. Амьдралд нь хүрдэг орлоготой ажлаа аз жаргалтайгаар хийдэг болно. Бүтээмж өснө. Тэр үед нь л харин хотын төвийг хувийн унаанд тун ээлгүй хэсэг болгох хэрэгтэй. Зогсоолгүй. Байгаа нь маш үнэтэй. Торгууль нь өндөр. Тэрийгээ заавал төлүүлдэг аргатай. Нийтийн тээвэр нь чанартай, тухтай. За тэр цагт л Монголчуудын тодорхой хэсэг нь хувийн машинаа нийтийн тээврээр солино. Үүний дараа л түгжрэл оргил үедээ 20-30 хувиас хэтрэхгүй бодитоор буурвал буурна.
Манай төрд бодлого алга. Ерөөсөө боддоггүй, гүн судалдаггүй. Учрыг нь олсон байлаа ч хэрэгжүүлэх зүрхгүй. Энэ эрх баригчид лав найман жил чадсангүй. Шидэт саваанаас бусад бүх хүч нь байлаа. Юу ч хийсэнгүй. Баахан татвар нэмж хураасан төсвөө л хувааж идлээ. Тээглэх садаагүй чилийсэн найман жилийг мангайчихаад тэгш сондгой, хуучин автобус ярьсаар л дуусгаж байна. Түгжрэлд алдах цагийг дахиад найман жилээр сунгалаа л гэсэн үг шүү дээ. Утаа ч мөн адил. #Түгжрэл

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In НҮҮР
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…