Цахим орчинд өөрийн гэсэн орон зайг бий болгож, хятад хэл заахын сацуу залуу үеийнхэнд зориулан богино хэмжээний reels видео хийдэг А.Даяанагийн Itoim-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг Даяана гэдэг. Хятадад их сургуулиа онлайнаар саяхан төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Мөн бизнесийн удирдлагаар төгссөн. Хоёр мэргэжилтэй гэж хэлж болно.
-Одоо бол сошиалд видео хийдэг шүү дээ. Анх яагаад жижиг/reel/ видеонуудыг хийх болов?
-Reel хийх болсон шалтгаан гэвэл, би хятад хэл заадаг болохоор хятад хэлний видео хичээл гаргасан. Тухайн үед маркетинг хийх хэрэгтэй болоод яагаад хятад хэл сурах шаардлагатай, хятад хэлийг сурснаар ямар ашигтай байдаг талаар хэлмээр санагдаад reel хийдэг болсон. Сүүлдээ хэлнээс гадуур өөр зүйл ярьдаг болчихсон. Ямартай ч их хандалт, үзэлт авна гэж бодоогүй. Угаасаа youtube-д бичлэг хийдэг болохоор reel-д ач холбогдол өгөөгүй. Гэхдээ одоо бол reel-ийг ажил болгоод явж байна.
-Анх сошиалд reel хийж эхлэхэд хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Ер нь хүмүүс тийм ч дуртай байдаггүй. “Хятад хэл, муу хужаа” л гэдэг байсан. Гэхдээ бусад хэлнүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа учраас зарим нэг нь баярладаг. Мөн зарим нэг муухай сэтгэгдэл үлдээдэг хүмүүс ч байгаа. Гэхдээ хятад хэлийг дэмжье гэсэн дээ биш. Бүгд даяарчлагдаж, хүн бүр хэл сурах юм бол хэлтэй хүн хөлтэй гэдэг шиг хүмүүсийн амьдралд хэзээ ч гай болохгүй хэрэг болно гэж боддог.
-Сошиалд нэлээд нээлттэй санагдсан. Багаасаа ийм нээлттэй байсан уу?
-Багаасаа нээлттэй хүүхэд байсан. Долоо, найман настайдаа би телевизийн хүн болно гээд шийдчихсэн. 11 настайдаа шууд нэвтрүүлэг хөтөлдөг яриа, нээлттэй хүүхэд байсан. Өөрөө өөртэйгөө толинд хараад л ярьдаг. Ядаж байхад айлын ганц хүүхэд болохоор уйдаад гадаа гарна. Хэрэв бүрэг байх юм бол найзуудтай болж чадахгүй. Тэрийгээ цэцэрлэгт байхдаа ойлгоод гадуур явахдаа маш нээлттэй, хүн болгонтой найзалдаг хүүхэд байсан. Харин одоо нас нэмэх тусам өмнөхөөсөө илүү хаалттай болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Монголд ирээд хоёр жил болж байна. Гэхдээ анх ирсэн үеийг бодвол арай хаалттай болчихсон. Эсвэл карантинаас болсон байх. Гэртээ байсаар байгаад хүнтэй яаж юм ярьдаг гэдгээ ч мартчихсан. Гэхдээ хичээнэ. /инээв/
-Эсвэл монголчуудын хандлагаас болоод байна уу?
-Мэдээж монголчуудын хандлага нөлөөлж байгаа. Манай залуу үеийнхэн бага зэрэг их зантай шүү дээ. Бие биеийгээ харсан мөртлөө таньдаггүй юм шиг, чи өөрөө эхэлж надтай мэндлэх ёстой гэдэг ч юм уу. Би бас ингээд байгаа юм шиг санагдаад байгаа. Их зан гэхээсээ илүү бүрэг, хүн юу гэж хэлэх бол гэсэн айдас байх. Бусад хүмүүс надад хэлж байгаа юмыг нээх хүндээр хүлээж авдаггүй ч биеэрээ очиж харилцах гэхээр бага зэрэг айгаад байдаг тал бий.
-Таны хувьд залуучуудад хандаж видеогоо хийдэг шүү дээ. Ер нь юуг залуучуудад ойлгуулахын тулд ингэж их хичээдэг юм бэ?
-Залуучуудыг бос, суу, чи хичээлээ хий гээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм утгаараа биш. Миний алдсан алдааг битгий давтаасай. Ухаантай хүн чинь хүний алдааг хараад суралцдаг шүү дээ. Заавал өөрөө алдаж байж ойлгох шаардлага байхгүй. Тэгэхээр баян, мундаг болоод гоё машин унахдаа биш, эх орон гэж юу юм гэдэг ч юм уу. Би өөрөө бага зэрэг үндсэрхэг үзэлтэй. Намайг хүмүүс хөгшин сүнстэй гээд байдаг юм. Карантинаар Хонгконгт байхдаа ямар ч мөнгөгүй ч гэсэн эх орон руугаа явъя гэж боддог юм билээ. Миний хувьд залуучуудыг эх орноо хайрласан, яагаад монгол хүн болж төрсөн, ямар учир шалтгаантай гэдгийн цаадах их үнэ цэнийг ойлгоосой гэсэндээ залуучууд руу хандаж юм хийдэг. Гадаад руу явахаар монголчуудыг ядуу буурай орныхон гэх хандлага байдаг. Явсан хүмүүс нь мэдэж байгаа. Гадаадуудад дээрэлхүүлэх үндэс, угсаатай хүмүүс монголчууд биш шүү. Тиймээс нийгмийн харилцаа, ойлголт шинэчлэгдэж, өөрчлөгдөж байж өвөг дээдсээрээ ядаж бахархах, ярих хэмжээнд очно гэж боддог.
-Дорд үзэх хандлагатай байдаг гэж байна. Арван жилээ төгссөний дараа Шанхай явахад бодсоноос хэр байв?
-Хүмүүс гадаад руу явахыг амьдрал сайжирчихлаа гээд л кино шиг амьдралыг төсөөлдөг. Гэхдээ очиход яг үнэндээ мөнгөний чинь хэмжээнээс хамаараад нойлын өрөө шиг жижиг, умгар орчинд амьдарна. Мөнгөний бололцоогүй л бол хархны өрөө хүлээж байдгийг залуучууд мэддэггүй. Би гадаадад очоод супер амьдрах юм байна гэтэл яг үнэндээ би хэн ч биш байсан. Би юу ч сураагүй байсан. 16 настай хүүхэд юу чадах юм бэ. Би одоо 23 настайдаа очсон ч өөрийгөө нээх сайн авч явж чадахгүй. Ер нь маш их ажиллаж, хөдөлмөрлөж, гэртээ байгаа шигээ залхуурахгүй байвал тэнд хүн шиг амьдарна. Тэрнээс юу ч сурахгүй, залхуурдаг, шоуддаг, хий дэмий цагаа үрдэг бол хapх шиг л амьдарна.
-Шанхайд очоод нэлээд зүйлийг туулсан гэж сонссон. Тэр талаараа хуваалцвал?
-Анх Шанхайд очоод гэрийнхнийхээ өгч явуулсан мөнгийг 2-3 сарын дотор үрээд дууссан. Ямар ч мөнгөгүй аав, ээжээсээ дахиж мөнгө асууя гэхээр нүүргүй болчихсон. Жоохон хүүхэд байсан болохоор тухайн үедээ дөрөв, таван сая төгрөг өгснийг нь хий дэмий юманд үрж, зайрмаг идээд л дуусгасан. Тэгээд үлдсэн жаахан мөнгөөрөө байцаа хамгийн хямдхан, хурдан болдог учраас байцаа авсан. Өмнө нь авсан байсан будаа, байцаа хоёроо хуурч идээд мөнгө авах сар хүртлээ амьдарсан. Тэрний дараа жил тэтгэлэгт орохгүйгээр ээж аавын мөнгөөр амьдарвал энд удахгүй юм байна. Гэсэн манай аав, ээж энд амьдрах байрны мөнгийг ч дийлэхгүй юм байна. Сургалтынхаа төлбөрийг олж чадахгүй юмаа гэхэд тэтгэлэгт оръё гэж шийдээд хичээлээ маш сайн хийж байсан.
-Байцаа будаа хоёрын хэдэн сараар идэж байх хугацаанд дотор чинь юу бодогдож байв даа?
-Би Монтуркт 9-12 дугаар анги хүртлээ дөрвөн жил сураад төгссөн. Тэр хугацаанд мах, будаа, төмсийг өөр өөрөөр хийгээд өгдөгт нь дасчихсан байсан. Гэхдээ хэдийн дотуур байрны амьдралд дассан, биеэ даасан хүүхэд байсан ч надад хэцүү байсан. Тэгэхээр биеэ даагаагүй, арванхоёрдугаар ангиа төгсөх хүртлээ ээж аавтайгаа амьдраад, хувцсаа угаалгадаг байсан хүүхэд бол гадаад руу бакалавраар сураад хэрэггүй гэж зөвлөдөг. Хэрвээ чи явж чадна гэж бодож байвал явж болно. Гэхдээ миний хувьд хэцүү байсан ч амиа хорлох хэмжээнд хүрээгүй. Угаасаа энэ чинь л амьдрал шүү дээ гэдгийг Монтуркт сурч байхдаа ойлгосон.
-Монголд ирэхэд ямархуу байна?
-Сургуулиа төгсчихсөн Монголд очоод ажлын байранд гараад сайхан байна байх. Ядаж эмнэлэгт үзүүлсэн ч гоё болсон байгаа байх гэж бодоод л ирсэн. Гэтэл нөгөө л нэг түгжрэл, цалин, даатгалын асуудлууд. Тэр нь бүр үнийн өсөлт болоод явж өгсөн. Жагсаал цуглааны талаар ярихгүй. Гэхдээ Засгийн газрыг эсэргүүцээд байгаад уучлаарай. Үнэхээр тэнэг шийдвэрүүд гаргадаг. Яг үнэндээ залуучууд илүү ухаантай шийдвэрүүдийг гаргах чадалтай байх гэж боддог. Засгийн газрын буруутгаагүй ч гэсэн Монголд амьдрах үнэхээр хэцүү байна.
-Одоогоор юу, юу нь хэцүү байна вэ?
-Хамгийн түрүүнд эмнэлгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Би корона тусаад эмнэлэгт хэвтсэн. Нойл, хоол гээд ямар ч тух гэх юм байхгүй. Миний тух яая гэхэд төрж байгаа эмэгтэйд яагаад ор тавиад өгчихөж болохгүй байгаа юм. Иргэдээсээ их татвар авч байж нэг эмнэлэг ч олигтой барьж чадахгүй байгаа юм. Мөн цэцэрлэгт хүүхдүүдээ оочерлож өгдөг гэж сонсож байсан. Би хүүхэдгүй ч гэсэн ирээдүйд хүүхэдтэй болбол оочерийг нь авахын тулд хэн нэгэнд арын хаалганы мөнгө өгөх хэрэгтэй болж байна. Би мөнгө өгмөөргүй байна шүү дээ. Яагаад цэцэрлэг барьж болохгүй байгаа юм. Засгийн газраас гуйж байна. Одоо үнэхээр тэвчээр тасарч байна. Түгжрэл байг ээ, ядаж эмнэлэг, цэцэрлэгийн асуудлаа шийдмээр байна.
-Залуу үеийнхээ охидуудад илүү их санаа тавьж, байр сууриа илэрхийлдэг. Ер нь чиний илэрхийлж, ойлгуулах гээд байгаа зүйл нь юу юм бэ?
-Эхнээс нь эхэлж яривал би бага зэрэг тарган байсан. Өөрийгөө царай муутай, муухай арьстай, хайр дурлалын асуудал дээр эрэгтэй хүмүүс намайг эмэгтэй хүний нүдээр харж байгаагүй гэж боддог. Найзууд болдог. Ер нь би чамд хайртай, дуртай, хөөрхөн охин шүү гэж байхыг их сонсож байгаагүй. Тэгээд 2020 онд турсан. Өөрийгөө loser /ялагдагч/ гэж боддог байсан болохоор өөрийгөө loser гэж мэдэрдэг хүүхдүүдэд чиний цаг хугацаа хэзээ нэг өдөр ирнэ гэдгийг хэлэхийг хүссэн. Нөгөө талаараа намайг loser гэж харж байсан хүмүүст би loser байхаа больчихлоо. Эсвэл би loser ч гэсэн лаг гэдгийг харуулах гэж видео хийдэг. Эмэгтэй хүүхдүүд гологдож, найз залуудаа хаягдахаар сэтгэл гутралд орчихдог шүү дээ. Тэрнээсээ болоод сэтгэл зүйн дapамт авч, буруу замаар орох гээд байдаг. Тиймээс эмэгтэй хүүхдийг хайрлаж өсгөх хэрэгтэй. Аав, ээж, найзууд нь чи хөөрхөн шүү, чи гоё шүү гэж хэлж байх хэрэгтэй. Би яг энэ зовлонг мэдэрч өссөн учраас нэг ч гэсэн хүн хөөрхөн гэж хэлж байх ёстой юм шиг санагддаг.
-Монголчууд чиний илэрхийлэх гээд байгаа санааны адилаар эмэгтэй хүүхдээ хүмүүжүүлж чадаж байна уу?
-Би тийм ч муу хүмүүжүүлж байна гэж хэлж чадахгүй. Учир нь монголчуудад чинь монгол эмэгтэйн хатан ухаан гэж зүйл байгаа шүү дээ. Монголчуудын хүмүүжил гадаадууд шиг сэтгэл зүй дээр нь анхаардаггүй ч гэсэн монгол хүний ген гэж зүйл байх шиг байгаа юм. Хааяа аавын хэлж байгаа сургаалаас эмэгтэй хүүхэд юм ойлгоод авчихдаг. Одоогийн нийгэмд аав, ээжийн яриа хүрэхгүй байгаа нь сошиал медиатай холбоотой. Аав, ээжүүд хүмүүжүүлж байгаа ч анзаарахгүй байгаа зүйл нь утасны хэрэглээ буюу интернэтийн хэрэглээг хязгаарлаж чадахгүй байгаад л асуудал байна. Тэгэхээр хүүхдүүд жоохон буруу замаар явах гээд байгаа юм шиг харагдаад байгаа юм. Хэрвээ энийг уншиж байгаа 16 настай хүүхэд байвал интернэтийн ялаа шавчихсан хог үзэхийн оронд Монголын сайн сайхан, монгол хүн болж төрсөн үнэ цэнэ гэдэг зүйл юу байдаг гэдгийг аав, ээжээсээ асуугаарай. Тэд маш сайн мэдэж байгаа.
-Чиний дийлэнх дагагчид Z үеийнхэн. Тэд өөрсдийгөө бусдаас өөр, илүү чадвартай, төгс гэж тодорхойлдог. Гэхдээ тэд тийм төгс байж чадаж байна уу?
-Ер нь өмнөх үеийнхээ хаана нь ч хүрэхгүй. Миний бодлоор өвөө, эмээ нарын үе бол хамгийн мундаг үеийнхэн. Z үеийнхэн хамгийн мундаг гээд байна. Үгүй ээ, бид хамгийн муу нь. Бид нар өглөө 08.00 цагаас өмнө босож ч чаддаггүй. Би хамт ажиллаж үзсэн. Гэтэл бид өөрсдийнхөө хүссэн цагт, өөрийн дураар юм хийж байж бүтээлч байж чаддаг гэдэг. Бүгд биш ч дийлэнх нь ийм. Эмээ өвөө нарын үеийн доод үе буюу ээж, аав нарын үеэс бага зэрэг миараад эхэлсэн юм шиг санагддаг. Эмээ өвөө нарын үеийг харах юм бол одоог хүртэл 50,60 жил өглөө эрт боссон. Тэр нь амьдралынх нь хэвшил болчихсон хүмүүс байдаг. Бүр юм хийхгүй л бол сууж чаддаггүй. Манай эмээ өвөө хүртэл өнөөдөр ийм зүйл хийхгүй бол болохгүй байна гээд хувцсаа угаалгын машинаар угаахаар дутуу угаадаг гээд гараараа угаадаг ч юм уу, ач зээ нараа хараад, хувцсыг нь солиод, хоол хийж өгөөд, мөнгө атгуулаад гаргадаг. Настай хүмүүс ингэж чадаж байхад манай үеийнхэн хажууд нь жоохон залхуу санагддаг. Тэрийгээ зөв юм шиг боддог. Яг үнэндээ 08.00 цагт босоод бид нар юунд хүрэх юм бэ. Хоёр цагт босоод ямар ч ажил амжихгүй шүү дээ. Би ч гэсэн өмнө нь хоёр цагт сэрдэг хүүхэд байсан. Тэгэхээр одоо би аль болох эрт сэрж юм аа амжуулахыг боддог болсон.
-Олон нийтэд хэлмээр байгаа зүйлээ чиний хувьд хэлчихдэг ч тэр дундаас онцолж уншигчдад хэлмээр байгаа зүйл чинь юу байна вэ?
-Хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй. Гадаад явж юм үзээд монголдоо ирээрэй гэж би лав хэлэхгүй. Эхлээд хүн болгон яагаад төрсөн гэдгээ нэг бодож үзээрэй. Миний ойрын үед хамгийн их бодож байгаа зүйл энэ. Би яагаад, ямар зүйл хийхийн тулд төрсөн юм бол гэж далдын талаас нь авч үз. Бид нийгэмд бодит биеэрээ байгаа. Гэхдээ толгой дотроо өөр, өөр ертөнцтэй. Тэгэхээр энэ ертөнцийнхөө яг хэн нь чи юм гэдгээ бодоод үзэх хэрэгтэй. Түүний дараа амьдралын үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдрэхээр юу хийхээ ойлгоно байх. Юу хийхээ мэдэж байгаа бол хий. Сэтгэл гаргавал зүтгэл гарна гэдэг шиг. Эхлээд өөрийгөө олох хэрэгтэй. Миний эргэн тойронд байгаа хүмүүс жоохон өөрийгөө олохгүй байх шиг. Зарим нь бүр өөрийгөө яагаад энэ хорвоод мэндэлснээ ч ойлгоогүй, хүн болж төрснөөр ямар утга учиртай гэдгээ ч ойлгоогүй явж байдаг. Тавин настай ч тийм хүн байна.
-Ярилцсанд баярлалаа.