
Монгол Улсын эмэгтэй шатарчид Дэлхийн шатрын 44-р олимпиадын III өрөгт чансааны 7-д эрэмбэлэгдсэн АНУ-ын багийг “3-1” харьцаатай хожиж шуyгиан дэгдээсэн.
Харин манай эмэгтэй шатарчид даваа гаригт дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдсэн Казахстаны багтай тоглож “2:2” харьцаатай тэнцсэн. Нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул тэнцэж, хоёрдугаар ширээнд олон улсын мастер Б.Баярмаа ялагдсан ч дөрөвдүгээр ширээнд олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул ялалт байгуулсан юм.
Ингэснээр Монголын эмэгтэй баг 3 хожил, 1 тэнцээ, нийт 7 оноотой болж тэмцээний 9-р байрт бичигдэж эхэллээ.
Эмэгтэй өрсөлдөөний IV өргийн дараах байдлаар нийт 162 багаас нэг ч ялагдаагүй 11 баг үлдсэн. Тэмцээнийг 4 хожил байгуулсан Азербайжан, Польш, Украин, Франц, Гүрж, Румын болон эзэн орон болох Энэтхэгийн 1, 2-р багууд тэргүүлж байна. Харин удаах байранд 3 хожиж, 1 тэнцсэн Монгол, Казахстан, Кубын багууд бичигдэж байна.
Тэгвэл манай эрэгтэй баг даваа гаригт дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн багтай “2:2” харьцаатай тэнцэж, мөн том шуугиан дэгдээлээ.
Нэгдүгээр ширээнд цагаанаар Дэлхийн шатрын таван удаагийн аварга, дэлхийн чансааг сүүлийн 10 жил тасралтгүй тэргүүлж буй их мастер Магнус Карлсен тоглосон. Түүнтэй Монгол Улсын аварга, их мастер Д.Батсүрэн хараар тоглож ялагдсан юм. Харин 2 болон 3-р ширээнд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн нар тэнцэж, 4-р ширээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хожсоноор, манай эрэгтэй баг дэлхийн аваргын багтай тэнцсэн юм.
Монгол Улсын эрэгтэй шатарчид IV өргийн дараах байдлаар 2 хожиж, 2 тэнцэж, нийт 6 оноотой болж 188 багаас 18-д бичигдэж байна.