Home Дотоод мэдээ Монгол яг л 90-д оны Солонгос шиг санагдсан учир таалагдсан. Вагонд болсон зүйлийн тухайд…

Монгол яг л 90-д оны Солонгос шиг санагдсан учир таалагдсан. Вагонд болсон зүйлийн тухайд…

33 second read
0
0
2,877

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын иргэдийг манай улсад 90 хоног визгүй зорчих шийдвэрийг гаргасан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Ингэснээр манай улс аялал жуулчлалын чиглэлээр орлого олох нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа юм.

Тэгвэл саяхан манай улсад ирж, аялж буй бичлэг нь Монголчуудад хэдийнээ танил болсон блогер Чаекожэ isee.mn сайтад ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сайн байна уу? Та Монголын үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Чаекожэ гэдэг. Би БНСУ-ын Korean Jay гэдэг youtuber байна. ISee.mn сайтын үзэгч уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Таны блогыг үздэг. Очсон улс орноо их гэгээлгээр харж, тайлбарлаж явдаг санагдсан. Одоо хэдэн орноор аялсан байна вэ. Аялаад хэр удаж байна?

-Нийт 35 орноор аялсан байна. Үүргэвчтэй аялал хийгээд удаж байгаа. Харин блог хийж эхлээд гурван жил болсон. Би аялах маш дуртай учраас өөртөө тэрхүү дурсамжаа хадгалж үлдээхийн тулд блог хийж эхэлсэн ч бас мөнгө олох боломжтой юм байна гэж үзээд youtube-дээ бичлэгээ хийдэг болсон юм.

– Таны хувьд хэзээ Монголд ирсэн бэ. Анх удаа ирсэн үү.

-Тийм ээ. Анх удаа очсон, нийт гурван долоо хоногийн турш Монголоор аялсан байна. Энэ оны зургаадугаар сар /2022.06/-д Монголд очоод их дурсамжийг бүтээгээд одоо эвлүүлээд youtube хуудсандаа оруулж байна.

-Ер нь яагаад Монгол руу аялъя гэж бодсон бэ. Юу хамгийн их нөлөөлөв?

-Монголд очсон шалтгаан гэвэл Монгол визгүй болчихсон байсан учраас очиход маш хялбар байсан. Өмнө нь зөндөө л Монголд очъё гэж боддог байсан ч боломж бололцоо гардаггүй байсан юм. Харин сүүлийн үед онгон дагшин байгалийг мэдэрмээр илүү санагдаад ямар ч эргэлзээгүй Монголыг зорьсон.

-Блогыг тань үзэхэд манай орныг их магтаж, сайшаасан байсан. Таны төсөөлж байсан шиг байж чадсан уу. Сэтгэлд нь хэр нийцсэн бэ?

-Блог хийж байгаа үүднээс магтсан зүйл огт биш шүү. Монгол үнэхээр надад маш их таалагдсан учраас бичлэгийн үеэрээ гайхан биширч өөрийн сэтгэгдэлээ илүү тод харуулах үүднээс өөрийнхөөрөө л байсан нь тэр.  Монгол миний төсөөлснөөс ч илүү байж чадсан. Миний аялахдаа баримталдаг зарчим бол зүгээр л тухайн улс орны соёлыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэрнээс л таашаал авдаг гэх үү дээ.

-МОНГОЛЫН ЗАЛУУС НАЙРСАГ ЭЕЛДЭГ БАЙСАН БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ НАСТАЙ ХҮМҮҮС ТААЛАМЖГҮЙ ХАРЬЦАЖ БАЙСАН-

-Ганцаараа аялсан харагдсан. Хэр их хүндрэл бэрхшээл тулгарав?

-Аялал жуулчлалын компаниар дамжуулж очиход мэдээж гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс тосож аваад тайлбарлаад хөтөч хийгээд явдаг бол ганцаараа үүргэвчээ үүрээд аялдаг хүмүүст тийм зүйл байхгүй нь нэг онцлог. Аялаад явж байхад мэдэхгүй зүйл их учраас асуух зүйл их гарна. Гудамж талбайд англи тэмдэглэгээ байгаасай гэж их бодсон. Гэхдээ Монголчууд Солонгос хэл үнэхээр сайн мэддэг юм билээ. Хэнээс ч юм асуусан өөдөөс Солонгосоор тайлбарлах гэж оролдож байгаа нь надад таалагдсан. Маш эелдэг найрсаг сайн хүмүүс. Гэхдээ дийлэнх залуу хүмүүс их найрсаг байсан бол эсрэгээрээ жаахан настай хүмүүс надаас зайгаа бариад тааламжгүй зан гаргаж байсан нь ажиглагдсан.

-Хөндлөнгийн нүдээр хараад Монголын юу хамгийн их өөрчлөгдөөсэй гэж хүссэн бэ?

-Монголд сайхан байсан болохоор сөрөг талыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Монгол дүү нартай ярилцахад Монголын юмнууд үнэтэй гэж байсан. Залуу хүмүүс амьдрахад жаахан хүндрэлтэй гэх юм уу даа. Тэр талаас ярихад нь энгийн нэг аялагч хүний үүднээс биш тэдний ах гэдэг хүний зүгээс харахад Төр засаг нь таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөсэй гэж бодсон.

-Монголоор аялахад таны сэтгэлд маш тод үлдсэн хамгийн дурсамжтай зүйлээс хуваалцаач?

-Рашаан орчхоод сумын төв рүү мотоциклоор явж байхад байгаль нь үнэхээр Швейцар орон шиг үзэсгэлэнтэй байсан учраас сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн. Автобус нь Солонгосоо орж ирдэг учраас Солонгосын 1990 онд байгаа юм шиг тийм дүр төрхтэй байсан. Тэр ч утгаараа дурсамжаар аялж байгаа юм шиг санагдсан.

-Галт тэргэнд болсон үйл явдлын тухайд?

-Галт тэргэнд болсон үйл явдал зүгээрээ, их хөгжилтэй санагдсан. Галт тэрэгний нойлын хувьд ч гэсэн. /инээв/

-БУУДЛЫНХАА МӨНГИЙГ ТӨЛЧХӨӨД БАЙХАД ДАХИЖ МӨНГӨ НЭХСЭН УЧИР ТӨЛСӨН. ХҮМҮҮСИЙГ ОЧООРОЙ ГЭЖ УРИАЛМААРГҮЙ БАЙНА-

-Улаанбаатарт байх хугацаандаа хаана байрлаж байв. Асуудал тулгарсан уу?

-Улаанбаатарт байх хугацаанд Golden Gobi нийтийн байранд байрласан. Тэнд байхад жаахан асуудал гарсан учраас блогын үеэр хүмүүст танилцуулъя гэж огт хүсээгүй. Надад тааламжгүй байсан учраас аялагчдыг очоорой гэж нээх их уриалмааргүй байна. Би буудлынхаа мөнгийг төлчхөөд байхад нөгөө талаас өгөөгүй гээд бага зэрэг маргаан гарсан. Тэгээд сүүлдээ би дахиад хүмүүсийн нэхсэн мөнгийг өгчхөөд гарч ирсэн.

-Аль аль аймгаар аялав?

-Улаанбаатар тэгээд Орхон аймаг руу галт тэргээр яваад дараа нь Элсэн тасархай руу автобусаар аялсан.

-Монголд байх хугацаанд хэр их зардал гаргасан байна вэ. Бусад орнуудтай харьцуулбал зардал хэр өндөр санагдаж байна?

-Аяллын зардал нэг сая вон арай хүрээгүй. Монгол болохоор Тайвань, Филиппин, Индонезийг бодвол өртөг өндөр санагдсан. Харин Европ, Америкийг бодвол хямдхан санагдсан. Солонгосыг бодвол бас хямдхан санагдсан. Гэхдээ Солонгосоос тийм аймар хямдхан байгаагүй л дээ.

-Дараа дахиж Монголд ирэх үү.

-Тийм ээ. Очмоор байна. Монгол маш том өргөн сайхан нутагтай учраас цагт баригдаад үзэж чадаагүй зүйлс их байгаа. Монголын өвлийг үзмээр байна. Хөвсгөлөөр аялмаар байна.

-Таны youtube хуудсанд Монголын талаар гадаад хүмүүс ямар сэтгэгдэлтэй байх шиг байна вэ?

-Монгол их сайхан юм аа. Очихыг хүсэж байна гэсэн хүмүүс их байсан. Яг над шиг бодож байсан хүмүүс их байна лээ.

-Дараа таныг ирэхэд юу хамгийн их өөрчлөгдсөн байгаасай гэж хүсэж байна вэ?

-Монголд заавал ч үгүй аяллын компаниар дамжуулахгүйгээр ганцаараа үүргэвчтэй аяллаар ирж байгаа хүмүүсийн аялах нөхцөлийг бүрдүүлж өгвөл их жуулчид ирэх байх. Жишээлбэл, нийтийн тээврээ англи гадаад тэмдэглэгээтэй болгох эсвэл гадаад хэлээр буудлаа зарлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү бололцоог бүрдүүлээсэй гэмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…