ЭЕШ-д Казак хүүхдүүд тааруу үнэлгээ авч байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн иргэн Масгут Рысбис “Үндэсний цөөнхийн боловсролын бодлого” сэдвээр мэдээлэл хийлээ.
Баян-Өлгий аймгийн иргэн Масгут Рысбис:
-Элсэлтийн ерөнхий шалгалтад Казак хүүхдүүд сүүл мушгиж, муу дүн авсан нь анхны тохиолдол биш. Жил бүр энэ тохиолдол давтагддаг. Шалтгааныг нь авч үзвэл сурах бичгийн хангамж муу, ахлах ангийн сурагчдад 30-35 хувийн хүртээмжтэй байдаг. Сурах бичгийн агуулгын чанар муу гэсэн судалгаа гарсан.
Мөн Баян-Өлгий аймагт Монгол хэл зааж байгаа нийт багш нарын 70 хувь нь Ховд аймгийн Багшийн дээдийн сургууль, Казакстан зэрэг газруудад суралцаад төгсөж ирсэн. Монгол хэлний боловсрол тааруу гэж мөн судалгаагаар гарсан. Монгол хэлний хичээл долоо хоногт 5-6 цаг ордог. Казак хэл 1-2 цаг ордог. Тэгэхээр цаг нь их байгаа ч чанар муугаас болж үр дүн муу байгаад байна. Энэ нь төрөөс үндэсний цөөнхийн боловсролыг дэмжих бодлогогүй явж ирсний илрэл гарч байна.
Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар авлигад идэгдсэн. Ажилд орж байгаа хүний хаана ямар боловсрол эзэмшсэн, чадвар хэр түвшинд байх зэрэг хамаарахгүй авлигал өгсөн болгон ажилд ордог тогтолцоо байна. Энэ систем нь хүүхдүүдийг Монгол хэл ч үгүй, Казак хэл ч үгүй болгож байна.
Казак зургаан настай хүүхдүүдийн хувьд Монгол хэл гэдэг бол гадаад хэл. Зургаан настайгаасаа эхлээд Монгол хэл үзнэ гэдэг бол хүүхдүүдэд ахадсан чадамж нь хүрэхгүй асуудал.
Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүй. Үүнтэй ижил асуудал учраас иргэн хүний хувьд дэмжихгүй байна.
Үндэсний цөөнхөд нэгдүгээр ангиас нь Монгол хэл заах арга барил нь урт хугацаандаа соёл, ёс заншилд нь тодорхой хэмжээнд эрсдэл учруулж байна. ӨМӨЗО-нд бүх хичээл хятад хэлээр орно гэхэд эсэргүүцсэн. Үүнтэй ижил учир есдүгээр сарын 1-нээс зургаан настай хүүхдэд монгол хэл заавал хатуу тэмцэнэ гэлээ.