
Алдарт эрдэмтэн Эрнест Резерфордын найз, их сургуулийн багш нэгэн эрдэмтэн нь түүнээс тусламж хүсжээ. Энэ багшийн нэгэн оюутан физикийн шалгалтад тун тааруу дүн авсан бөгөөд харин оюутан үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй бүр хамгийн өндөр дүн тавихыг шаардсан байна.

Иймээс багш нь гурав дахь тал болох нэрт эрдэмтэн Эрнест Резерфордыг маргалдагч хоёрын шүүгч болохыг урьсан нь энэ. Шалгалтын асуулт нь барометрийн тусламжтайгаар нэгэн байшингийн өндрийг олох ёстой байсан ба оюутны хариулт “Байшингийн орой дээр гараад барометрээ олсонд уяж доош нь унжуулаад газар хүрэх үед нь олсон дээрээ тэмдэг тавиад, дараа нь энэ олсоо хэмжиж байшингийн өндрийг ямар ч алдаагүй олно” гэсэн утгатай байв.
Багшийн хувьд энэ хариулт нь дэндүү утгагүй, физикийн хичээлд ямар ч хамаагүй зүйл байлаа. Гэхдээ бас уг хэтэрхий энгийн аргыг буруу гэж хэлэхэд нэг л хэцүү.
Резерфорд оюутанг авчирч өнөөх бодлогын хариултыг илүү физикийн шинжлэх ухаантай холбоотой аргаар олохыг хүсээд таван минутын хугацаа өгчээ. Таван минут ч өнгөрч, оюутны бодлогын хариуг харах гэтэл хоосон цаас.
Резерфорд: -Та бууж өгч байна уу? Юу бичихээ мэдэхгүй байгаа юм уу даа?
Оюутан: -Мэдэх нь ч мэдэж байна. Харин олон хариултын алийг нь сонговол таны таалалд нийцэх юм бол гэж бодож л сууна. Нэг муу шaлдaн оюутныг дор нь мадлаад явуулна гэж бодож байсан том эрдэмтэнд энэ хариулт их сонирхолтой санагдсан бололтой, бүх л хариултаа бүгдийг нь хэлэхийг хүслээ.
Оюутан “Хамгийн эхний арга бол барометрээ барин байшингийн орой дээр гараад доош унагах ба газар унах хүртэлх хугацааг тэмдэглэж аваад S=gt²/2 томьёогоор өндрийг нь олж болно”.
Резерфорд: -Болж л байна. Ямар ч байсан та физиктэй холбоотой зарим нэг томьёо мэддэг л бололтой. Оюутан инээмсэглээд
-Дараагийн арга бол нартай өдөр барометрээ ил барьж сүүдрийнх нь уртыг хэмжээд барометрийн бодит урттай харьцуулж үзнэ. Дараа нь байшингийн сүүдрийн уртыг хэмжиж үзээд нөгөө харьцааг ашиглан өндрийг нь олно доо.
Резерфорд: -Өөр ямар арга байна?
Оюутан: -Амархан боловч жаахан залхуутай нэг арга байгаа нь барометрийн уртыг хэмжиж аваад байшингийн сууриас эхлээд барометрээ тавьж үзсээр хэдэн “барометрийн” хэмжээтэй өндөр болохыг олно. Дараа нь тэр тоогоо барометрийн өөрийнх уртаар үржүүлээд л болоо. Гэхдээ миний бодоход хамгийн сайн, найдвартай арга нь их өвөрмөц…
Резерфорд дуу алдан “Алив тэр аргаа бушуухан хэлээч”. Оюутан: -Яахав, тэр байшингийн эзнийг олж аваад байшингийн өндөр яг ямар хэмжээтэй тухай чухал мэдээллийг барометрээрээ сольж авч болох нь. Хэдий чинээ сайн барометр байна, байрны эзэн төдий чинээ л хурдан хэлж өгөх байх даа.
Резерфорд толгой сэгсрэн хэсэг сууснаа: -За өөр арга байгаа бол хэлээд бай. Та бид хоёрт цаг байна… Оюутан залуу бараг 30 гаруй аргаа хэлсэн гэдэг бөгөөд эдний дотор:
-Барометрээ байшингийн хамгийн доод хэсэгт тавиад байраа усаар дүүргэж живүүлнэ. Барометр хэдий хугацаанд хөвж гарч ирэхийг сайн гээч хэмжээд өндрийг тогтоож болно. Урьдчилаад жижиг бассейнд энэ аргаа туршиж барометрийн хөвөн гарч ирэх хурдыг мэдчихсэн бол шүү дээ. Яахав барометр маань уснаас хүнд байгаад хөвж гарч ирэхгүй байж болно. Тэгвэл барометрт хийлсэн бөмбөлөг уяад л болоо. Арга нь яг адилхан.
-Гaйтай байшинг далд орох хэмжээний гүн нүх ухаад түүндээ байшингаа хийнэ. Байшингийнхаа хамгийн өндөр цэгийг тэмдэглэж аваад байшингаа гаргаж байгаад барометрээрээ ёроолоос дээд цэг хүртэл хэдэн “барометр” байгааг тогтооно. Барометрийн өөрийн уртыг мэдэх юм чинь үржүүлээд л…
-Барометрээ зах дээр зараад, олсон мөнгөөрөө виcки аваад, энэ байшингийн зургийг зурсан архитекторт өгч өндрийг нь хэлүүлж болох юм
-Байшингийн хажууд мод тариад барометрээ эвдэж хөндий сав болгон түүгээр нөгөө модоо услаад байж болох нь. Тэгээд мод байшингийн өндөртэй адилхан болох үед модоо ёроолоор нь тайрч аваад хэмжиж болно, эсвэл модоо шатааж хаяад ялгарч байгаа энергийг нь тооцох замаар байшингийн өндрийг олж болно…
Оюутны энэ бүх хариултыг гайхан сонсож байсан Резерфорд гэнэт яриаг нь таслан “За би таныг ойлголоо. Та онц авлаа гэж бодож болно. Гэхдээ та багш тань танаас юу хүсээд байгааг нээрээ ойлгохгүй байна гэж үү? Тэр танаас зүгээр л физикийн бодлого боддог сонгодог аргуудыг л хүлээгээд байгаа хэрэг шүү дээ? Тийм аргуудыг мэдэх бол… та мэддэг нь илт байна… тийм аргын аль нэгийг нь ашиглаад л энэ гайтай дүнг авчхаж болохгүй байсан хэрэг үү?”
Оюутан: “Мэдэлгүй яахав. Гэхдээ би оюутан болоод энэ олон багш нарын нэгэн хэвийн арга, өөрийнхөө сэтгэлгээг бусдад хүчээр нялзаадаг байдлаас залхаж байна. Тэгээд л албаар ингэж…” Энэ оюутны нэрийг Нильс Бор гэдэг байжээ.

Дэлхийн хүн төрөлхтний хамгийн суут эрдэмтэн бол Альберт Эйнштейн гэж олонх хүмүүс үздэг. Харин түүний дараагийн их ухаантан бол яах аргагүй Нильс Бор байх биз ээ.