
“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа.
Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд түүний хувьд 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.
1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв.
Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын наадамд өрсөлдөж манай улсын тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.
ОУХМ А.Энхтуулын тухайд: Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/, Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар; Дасгалжуулагч, багш: Ж.Дашдондог;
Онцлох амжилтууд: 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт. 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
Финланд улсын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн. Монгол Улсын 4 удаагийн аварга.
Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/