
Оросод 1990 ээд оны үеэр эдийн засаг нэн хүнд үе байлаа. Цалин байхгүй, багш, эмч, дипломатч, эрдэмтэн, худалдагч, хөгжимчин гэхчилэн, ер бүгд л зах дээр гарчихсан. Тэр үед бид үнэхээр сүйрлийг туулж боссон ч эдгээр он жилүүдийг мартах учиргүй.
90-ээд оны өлcгөлөн үед би хүүхэд байхдаа ургамлын тосонд давстай шарсан хар талх идэхийг мөрөөддөг байсан гээч. Үнэхээр нийтээрээ өлcгөлөнд нэрвэгдэж байсан юм шүү Энэ бол миний амьдралын хамгийн aймшигтай жилүүдийн нэг байсан.
1992 оны нэгдүгээр сард ээж маань тэнгэрт хaльcан. 1993 оны 3-р сард миний ганц түшиг тулгуур, өөрөөсөө илүү итгэж найддаг байсан аав минь нac бapав. Найзууд маань надад чадах чинээгээрээ тусалсан ч үнэндээ тэд ч өөрсдөө надаас илүү амьдралтай байгаагүй юм.
Би нарийн ширийн зүйлийг тайлбарлахгүй ч, -“өлсгөлөн” гэж юу болохыг би мэднэ. Хэд хоног юм идэж чадаагүй би нэгэн орой өлссөнөөс болж бүр байж тэсэх аргагүй боллоо. Гэрт ядаж цай чаная гэсэн ч, ганц навч ч байсангүй. Мөн ганц талхны мөнгө ч байгаагүй.
Би гандаж хуучирсан нимгэн хүрмээ өмсөөд гудамжинд гарлаа. Гэхдээ хаачихаа ч мэдэхгүй, бас хаашаа ч явж зүрхлэхгүй үүднийхээ дэргэд удаан хугацаагаар зогсож байсан ч, дараа нь шийдлээ. Би талх нарийн боовны дэлгүүрт очихоор зориглов
Тэр дэлгүүр манай гэрээс тийм ч хол байсангүй. Харин тэр орой цаг агаар муухай байсан. Салхитай зэрэгцэн бороо орсон зэврүүн орой. Би талх нарийн боовны дэлгүүрийн үүдэнд очоод хаалгыг нь тогшлоо. Хөгшин өвгөн манаач цонхоороо миний тогшихыг хараад:
– Чи яах гээв хүүхээ? Би түүнээс чин сэтгэлээсээ: -Өвөө талх… Боломжтой бол жаахныг ч хамаагүй…бүүр жижигхэн зүсэм ч байсан болно…
Гэтэл өвгөн чимээгүйхэн хаалгаа онгойлгоод намайг ороод ир гэв. Тэгээд тэр коридорт талхны цехийн зүг заагаад: -Тийшээ тийшээ яв, хүү минь, чи талх хэрэгтэй гэдгээ шууд хэл.!! Би ч зориг ороод тийш явлаа. Алхам алхмаар ойртох тусам талхны сайхан хурц үнэр, шив шинэхэн, халуун талх…хамар цоргин, ходоод тэсэх аргагүй хонхолзож толгой эргэнэ.
Хоёр хоног огт юу ч идээгүй хүнд, талхны үнэр ямар байдгийг та нар ойлгож байна уу? Цех рүү ойртлоо. Хуучин байсан, шилэн ханатай, зарим шилэн цонхнууд нь хагарч онгойсон цех. Би дотогшоо шагайн харав. Надаас хагас метрийн зайд конвейерийн дээгүүр талх эгнээгээрээ урсаж байв…
Би цонхноос холдож, богино шатаар өгсөж цехийн хаалгаар орлоо. Миний нүүрэнд талхны үнэртэй халуун агаар төөнөв. Цех дотор дуу чимээтэй, дулаахан, гэрэлтэй байлаа. Цагаан халат, малгай өмссөн эмэгтэйчүүд ажиллаж, хэн нэгэн том гурил зуурах машиныг цэнэглэж, өөр нэгэн нь конвейерээс бэлэн талх авч өрөөд, бас зарим нь саванд гурил юүлж байв. …
Надтай хамгийн ойр байсан, настай эмэгтэй намайг хараад: – Хүү минь, чи яах гээв? Тэрхэн мөчид би цанатаад байсан харааны шилээ, ичсэн үед аз гэж бодоод арчих гэж оролдов. Гэвч миний даарч бээрсэн хуруунууд захирагдаж өгөхгүй улам сандарч байлаа.
Эцэст нь тэр эгч намайг хүлээгээд, ажлаа хийж чадахгүй цаг алдах вий гэж бодохтой зэрэг шууд асууж орхив: – Эгч ээ! Боломжтой бол талх л…. Гэхдээ боломжгүй бол зүгээр дээ….гэж ээрэв.
Тэр эгч санаа алдаж: – Хүү минь яагаад үүдэнд зогсож байгаа юм бэ? Ядаж дотогшоо ор! гэлээ. Миний пальто угаасаа нимгэн даарч байсан болохоор би орлоо. Харин хэд хэдэн эмэгтэй миний гарт нэг биш гурван шив шинэхэн талх тэврүүлсэнийг би хэзээ ч мартдаггүй. Халуун, хав халуун талх.
Би тэссэнгүй, ирмэгийг нь урж, хазаж орхив. Би бүр тал талхаа идэж орхисон. Тэгээд сая л; -Баярлалаа, баярлалаа маш их! ….гэж хэллээ. Гэтэл надад анзаарагдахгүйн тулд түрүүний настай эмэгтэй буруу харан нулимсаа арчиж байна.
Гэсэн ч би түүнийг харчихсан юм. Тэр над руу хараад: – Хүү минь, чи дахиад хүрээд ирээрэй. Талх хэрэгтэй бол дахиад ирээрэй. Би маш их баярлаж байгаагаа бувтнан хэлэхдээ, талхны үйрмэгт хахаж орхив. Тэд сандран гүйж стакантай ус авчирч уулган ар нуруу хүзүү рүү зөөлөн цохиж өгөв.
Дараа нь би тэдэнд БӨХИЙЖ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа хүндэтгэлтэйгээр илэрхийлээд гарч явлаа. Өвгөн манаач намайг цехээс тосож аваад гудамжинд гаргаж өгөхдөө: – Хүү минь, дахиад ямар нэгэн зүйл болвол над руу ир, би чамд зөвшөөрнө, зүгээр л хүрээд ирээрэй….гэсээр үлдлээ.
Тэгээд би үлдсэн хоёр хагас талхаа цээжиндээ тэврээд, жигтэйхэн баян хүн гэртээ харьлаа. Гэхдээ би тэр нарийн боовны цех рүү дахиж яваагүй ээ! Тэр өдрөөс хойш миний амьдрал сайжирсан учраас биш шүү дээ.
Өмнөх шигээ л өлөн зөлмөн байсан. Хамгийн гол нь би ганцаараа өлсөж байсан биш, нийтээрээ хүнд хэцүү үе байхад би тэдгээр гайхалтай сайхан хүмүүсийн өрөвч сэтгэлийг АШИГЛАХ хүсэл байгаагүй юм. Хэдийгээр надад хэцүү байсан ч, олон сайн сайхан хүмүүс бүр орох орон ч үгүй болж, өлсөж даарч явааг бодохоор тэсэх ёстой гэж бодогддог байсан.
Нэг зүйл ердөө мартагддаггүй юм. Советская төв буудлын метронд нэгэн өндөр настай өвөө гартаа өөрийнхөө дaйнд дaйтaж явсан залуу цагийн зургаа барьж өглөг гуйж байсныг… Өмнө нь 5-р сарын 9-нд ялалтын баярын парадаар би түүнийг дүрэмт хувцастай, энгэр дүүрэн одон медалиа гялалзуулаад, хүүхдүүдээс цэцэг авч, хүмүүсээр хүндлүүлэн зогсож байхыг харсанаа таньсан юм.
Танигдахаар ч содон сайхан инээмсэглэлтэй өвөө байлаа. Гэтэл энэ хүний дэргэд би юу юм бэ….гэж бодохоор их зориг орж тэвчдэг байлаа. Гэхдээ л би байнга өлсөж, юм идэхийг хүсдэг байв. Нэг удаа хичээлийн завсарлагаанаар би өлдөж yxaaн aлдаж байсан юм. Үүнийг маань манай ангийн багш Нина Петровна анзаарчихаж.
Тэр миний унасан талаар юу ч асуугаагүй ч, намайг гэртээ урьж, чамд заавал уншуулах маш сонирхолтой ном байгаа гэж хэлж билээ. Би ч очлоо. Багш надад амттай борщ таваглаж, намайг явахад, надад зөндөө олон цагирган боов бэлэг гэж өгч билээ. Намайг өлсдөг гэдгээ НУУДАГ гэдгийг мэддэг болохоор тэр их болгоомжтой харьцаж байгааг би дотроо анзаарч байсан юм.
Мэдээжийн хэрэг би ч гэсэн үнэхээр тэр номыг нь авахаар л очсон юм. Хичээлдээ сайн, номонд маш дуртай болохоор багш минь тийм арга хэрэглэсэн хэрэг. Гэхдээ хамгийн чухал нь багш надад цагийн хөнгөхөн ажил олж өгсөн нь эцэстээ намайг мөнхийн хоол тэжээлийн дутагдлаас гаргасан юм.
Би амьдралынхаа туршид Нина Петровна багшдаа талархан санаж явдаг. Ийм л олон сайхан хүмүүс ядарсан нэгнээ өөд татаж байсныг хэзээ ч мартаж болохгүй. Одоо өнөөх талх нарийн боовны цехтэй дэлгүүрийг аль хэдийн нурааж, суурин дээр нь “элит шинэ барилгууд” баригдсан байна лээ. Гэхдээ би энэ гудамжаар алхах болгондоо 11-р сарын тэр хүв хүйтэн орой намайг өлсгөлөнгөөс аварсан эелдэг өвгөн манаач, үнэхээр гайхалтай, эелдэг, сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүдийг үргэлж дурсан санаж явдаг.
Даанч би мулгуу хүүхэд байсан болохоор тэдний нэрийг нь ч мэдэлгүй хоцорсондоо одоо өөрийгөө үргэлж зэмлэдэг юм. Тэд хэдий настай хүмүүс байсан ч, ядаж цех дотор байсан эгч нараас нэгийг нь ч болтугай олж баярлуулах гэхээр ямар ч хаяг, нэр надад байхгүй нь хамгийн харамсалтай.
Гэхдээ би бүгдийг нь маш тод санаж явдаг. Тэгээд ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ .
– Сергей Шишковский /Орчуулж бэлтгэсэн Yummy media/